Байнгын хорооны харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.07.06) хуралдаан 16 цаг 28 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажиллахаар заасан.
Хууль зааснаар дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй. Үүний зэрэгцээ Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг; Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг; Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцах чиг үүрэгтэй.
Ингээд Ёс зүйн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн нарын, Нутгийн удирдлагын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Г.Ганболд, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын, Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус тус байгуулж ажиллуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Засгийн газрын шинэ бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан. Энэ үндсэн дээр яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хувиарлах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуулийн төсөлд тусгаж, бусад яамдыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн.
Засгийн газар нь 14 яамтай ажиллах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна.
Харин Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яам байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримталж байгаа бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, боловсролын тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг оновчтой удирдан зохион байгуулах боломж нэмэгдэнэ.
Харин нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, түүгээр хичээллэх явдлыг дэмжих, иргэдийг амьдралын эрүүл, зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг цаашид бодлого, зохицуулалтын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг онцоллоо.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллуулах саналаа танилцуулсан юм. Үүнд:
Ерөнхий чиг үүргийн:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
- Батлан хамгаалахын сайд;
- Гадаад харилцааны сайд;
- Сангийн сайд;
- Хууль зүй, дотоод хэргийн сайд;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
Чиглэлийн:
- Барилга, хот байгуулалтын сайд;
- Боловсрол, шинжлэх ухааны сайд;
- Зам, тээврийн хөгжлийн сайд;
- Соёлын сайд:
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
- Эрчим хүчний сайд;
- Эрүүл мэндийн сайд тус тус ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ.
Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 17 нь Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.