Улсын Их Хурал дахь намын бүлгүүд байгуулагдсаныг уншиж сонсголоо
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулахаар заасан. Намын бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орох бөгөөд бүлгийн даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ гэж хуульд заасан.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь Намын бүлэг байгуулж, бүлгийн бүрэлдэхүүн, бүлгийн даргыг сонгосон тухай шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд уншиж сонсгон, Намын бүлгийн гишүүд, бүлгийн дарга нарт амжилт хүсэв.
Хуулийн дээрх заалтын дагуу Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 62 суудал авсан Монгол Ардын Намаас Улсын Их Хурал дахь Намын бүлэг байгуулж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгожээ. Тэрбээр өнгөрсөн парламентад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан.
Харин ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 11 суудал авсан Ардчилсан Намын бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг сонгосон байна. Тэрбээр 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа
Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй.
Улсын Их Хурал Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн найман Байнгын хороотой байхаар хуульд заасан.
Байнгын хороо нь 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзахаар заасан.
Энэ үндсэн дээр боловсруулсан Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр тогтоолын төслийг батлагдсанд тооцов. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.
Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгож батлав
Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан.
Хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Нэр дэвшигч Т.Аюурсайхан нь Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа бөгөөд өмнөх Улсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор цолтой.
Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав.
Нэр дэвшигч С.Одонтуяа нь Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа. Олон улсын бизнес удирдлагын магистр зэрэгтэй аж.
Намын бүлгийн санал, нэр дэвшигчдийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Ингээд санал хураалгахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд даргаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд даргаар тус тус сонгогдов.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон хоёр дахь эмэгтэй гишүүн болж байгаа бөгөөд 2004-2005 онд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдон ажиллаж байв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
-Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
-Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
-Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
-Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;
-хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;
-Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлэхээр заажээ.
Үүгээр Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.