Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

    Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн өнөөдрийн (2020.06.30) үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хуралдааныг даргалсан юм.


    Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндөрөвдүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатар нь 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байгаа хэмээн Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан юм.  


    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно” гэж заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. 

    Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Гомбoжавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор шийдвэрлэв.

    Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хоёр дахиа сонгогдож буй Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө.


    Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхээ эдэлж, төрийн үйл хэрэгт шууд оролцон, төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан тусгаар тогтносон Монгол Улсынхаа ард иргэдэд гүн талархал илэрхийлэв. Энэхүү үнэмлэхүй ялалт нь Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлж ажилласан Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтын аяныг цаашид тууштай үргэлжлүүлэх, эхэлсэн ажлаа дуусгах, улсаа хөгжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх алсын харааг дэмжсэн ард түмний итгэл, өндөр хариуцлага, үүрэг даалгавар гэж ойлгож буйгаа Улсын Их Хурлын дарга онцлов.

    Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан маргаашийн төлөөх их давалгаа гэдгийг ухамсарлан ойлгож, эгнээнд нь нэгдэж, хүчээ нэгтгэж хошуучлан манлайлж зүтгэх ёстой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ бол том зорилго, амаргүй ажил. Гэхдээ Монголын сайн сайхны төлөөх энэ зорилгоос ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх бидэнд байхгүй” гээд Монгол орноо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх том зорилгын төлөө зүтгэх эрхэм үүрэг Улсын Их Хурлын гишүүдэд ногдож байгааг санууллаа.

    Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлоод дараах таван чиглэлээр Ажлын хэсгүүд байгуулж, хугацаа алдалгүй ажиллана гэдгийг хэлсэн юм.


    Тухайлбал, хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлж эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах, цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах шаардлагатай гэв. Түүнчлэн төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах, иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээрх олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.


        Үүгээр Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл