Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэлсэн.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хууль нь коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд чиглэжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд коронавируст халдварын цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээнд бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай худалдан авч, нөөцлөх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх. зэрэг арга хэмжээг авахаар зохицуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болох зохицуулалтыг тусган, Засгийн газрын гишүүний тангараг, түүнийг өргөх журмын талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам, Ерөнхий сайдыг огцруулах, шинээр томилох, чөлөөлөх болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслөөр нарийвчлан зохицуулахаар тусгасны зэрэгцээ Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төсөв болон бодлогын тодорхой” асуудлаар итгэл үзүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно. Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол тухайн асуудлыг дэмжсэнд тооцож Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй гэж тусгажээ.
Мөн дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай, Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолуудыг тус тус нийтлэв.
Засгийн газрын Журам батлах тухай тогтоолоор терроризм, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон эдгээр гэмт хэргийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэхтэй холбогдуулж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хүн, хуулийн этгээдийг террорист этгээдийн жагсаалтад оруулах, хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, жагсаалтад оруулснаас үүсэх бусад харилцаа, гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.
“Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнах асуудлыг журамласан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ