Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганг нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүллээ.
Ноён Ли Жаньшу баярын мэндчилгээндээ “Таныг Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд БХАТИХ-ын Байнгын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж байна.
Хятад, Монгол хоёр улс бол найрсаг харилцаатай хөршүүд, Иж бүрэн стратегийн түншүүд билээ. COVID-19 халдварт өвчин дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааг өрнүүлж, эерэг үр дүнд хүрлээ. Миний бие Тантай цаашид ч нягт харилцаатай байж, хоёр талын харилцааг урагшлуулж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард иргэдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Монгол Улс цэцэглэн хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай байх болтугай” гэжээ.
Туркийн парламентын дарга Мустафа Шентоп “Манай хоёр улсын Их Хурал хоорондын найрсаг харилцаа ирэх жилүүдэд, Эрхэм хүндэт Таныг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
Энэхүү завшааныг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүд болон Эрхэм Их Хурлын дарга Танд эрүүл энх, аз жаргал, найрамдалт Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.
Хатагтай Нгуен Тхи Ким Нганг “Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний ассамблейн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентад итгэл хүлээн, Улсын Их Хурлын даргаар улиран сонгогдсонд эрхэмсэг ноён Танд халуун баяр хүргэе.
Өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтын суурин дээр ард түмний аз жаргал, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд эрхэмсэг ноён Таны мэдлэг туршлага үнэтэй хувь нэмрийг үргэлжлүүлэн оруулна гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна.
Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа нь өнгөрсөн хугацаанд тасралтгүй бэхжин хөгжиж, олон чухал ололт амжилтад хүрсэнд би туйлын баяртай байна. Хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, түүнчлэн дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг хангахад хувь нэмрээ оруулахын төлөө цаашид эрхэмсэг ноён Тантай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Эрхэмсэг ноён Танд өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалдаа их амжилт гаргахыг ерөөж, эрүүл энхийг хүсье” гэжээ.
Мөн Япон, Турк, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки, Ахмет Язал, С.В.Чепурной нар баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлсэн байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар баярын цахилгаан ирүүлсэн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп, БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганг нарт Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж, элэгсэг дотно үгтэй мэндчилгээ ирүүлсэнд нь талархал илэрхийлсэн хариу мэндчилгээ илгээв.