Цэс

Холбоо барих

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 93 хувьтай байна


УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллах үеэрээ "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Долдугаар сарын 20-ны байдлаар төмөр замын газар шорооны ажил 93, шугам хоолойн ажил 85 гаруй хувьтай, гүүрийн ажил 37 хувьтай үргэлжилж байна. “Монголын төмөр зам” ТӨХК захиалагчаар, Монгол Улсын  Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод бүтцийн ажлын, “УБТЗ” ХНН төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа аж. Эл төмөр замын урт 416.1 км үргэлжлэх бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдаж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар эхлээд “Зүүнбаян” өртөөний ажилтай танилцлаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг гүйцэтгэж дууссан. Коронавирусийн цар тахлын улмаас цементийн хомсдол үүссэн тул төлөвлөгөөт ажил 10-14 хоногийн хоцрогдолтой байна” гэлээ. Гэхдээ хоцрогдлоо арилгах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж буйгаа танилцууллаа.

Дараа нь Зэвсэгт хүчний 7781, 7782 дугаар ангийн дайчдын гүйцэтгэж буй VI зөрлөгийн барилгатай танилцав. Тус хэсэг төмөр замын далан болон хоолойн ажлуудыг гүйцэтгэж дуусчээ. Энэ хэсэг 600 гаруй алба хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус ангийн бие  бүрэлдэхүүний 63 хувь нь офицер, ахлагч нар, 20 хувь нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, 9 хувь нь цэргийн ангид ажиллаж байгаа хүмүүс, 8 хувь нь бүтээн байгуулалтад оролцох хүсэлт гаргасан сайн дурын иргэд байгаа гэдгийг бригадын генерал Л.Гансэлэм онцоллоо.


           Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийнхан бетон зуурмагийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байна.  Тэд замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлын 1.7 сая шоо метр газар шорооны ажлыг гүйцэтгэж, 60 гаруй төмөр бетон хоолойг цутгажээ. Өнөөдрийн байдлаар тус ангийн хариуцсан 4 хэсэг газрын ажил бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Нийт газар шорооны ажил 93 хувьтай байна.

Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын бутлуурын үйлдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж сонирхлоо. Уг үйлдвэр нь 1000-1200 шоо метр бластер үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 262 хоолойн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусчээ. Монголын төмөр замтай хийсэн гэрээ ёсоор тус үйлдвэр 110 мянган бластер үйлдвэрлэхээс 103 мянгыг үйлдвэрлээд байгаа талаар бригадын генерал Х.Гансэлэм танилцууллаа.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд гэхэд 37 байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний, Цагаан суваргын зэсийн, Хармагтайн зэс, алтны, Манлайн нүүрсний, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говийн нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байгаа бөгөөд нийтдээ 6.0 орчим тэрбум тоннын нөөц баялаг байгаа юм. Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор баялгийн экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайц нэмэгдэж, улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

  Тэрбээр үндэсний төмөр замын шинэ түүхийг бичиж буй “Монголын төмөр зам” ТӨХК,  Монгол Улсын  Зэвсэгт хүчний Жанжин штаб, “УБТЗ” ХНН-ийн хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл