Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент 1992 онд байгуулагдсанаас хойш хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулах гол үндэс болсон хуралдааны дэгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар, Улсын Их Хурлын тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай бие даасан хуулиар зохицуулж ирсэн бөгөөд 2007 онд баталсан дэгийн хуульд нийт 27 удаа өөрчлөлт орсон байдаг.
Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, түүнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд 13 жилийн дараа дэгийн хуулиа шинэчилж 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталлаа. Уг хууль нь 14 бүлэг, 125 зүйлтэй.
Шинэчилсэн найруулгаар дараах асуудлыг шийдвэрлэлээ:
1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар буюу 39 гишүүнээс дээш босготойгоор батлах болсон. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэх бөгөөд хууль эцэслэн батлах хэлэлцүүлгийг бие даасан үе шат болгосон. Түүнчлэн долоо хоног бүрийн Баасан гарагийн 10.00 цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах, шаардлагатай бол хуралдаан даргалагч хуралдааны ирцийг харгалзан бусад өдөр, цагт санал хураалтыг явуулж болох зохицуулалтыг шинээр хуульчилсан;
2.Хууль тогтоомжийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал, төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах зохицуулалтыг тусгасан;
3.Түүнчлэн хуулийн төслийн зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлага, зарчмын зөрүүтэй саналын үндэслэл, шаардлагыг Байнгын хороо санал, дүгнэлтдээ тодорхой тусгадаг байх зохицуулалтыг тусгасан, түүнчлэн хуулийн төслийг хуульд заасан шаардлага хангаагүй болон төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол хууль санаачлагчид нь буцаах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан;
4.Хуулийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар төслийг зүйл бүрээр нь хэлэлцдэг болсон. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх хугацааг нэмэгдүүлсэн;
5.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглавар тодорхойгүй байх нь нийгэмд хүлээлт үүсгэх, ойлгомжгүй байдлыг бүрдүүлдэг тул ээлжит чуулганы нийт хугацаагаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглаврыг гаргаж, түүнийг мөрдүүлэх зохицуулалтыг тусгасан;
6.Хуралдааны дэгээр зохицуулаагүй шинэ харилцаа үүсэхэд хуралдаан тасалдаж, маргаан үүсдэг байсан бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтоох боломжтой болж, парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжийг хангасан;
7.Онц байдал, дайн бүхий дайны байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн;
8.Хууль санаачлагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор хэлэлцүүлгийн бүх үе шатанд хууль санаачлагч, эсхүл түүнийг төлөөлөх гишүүн заавал хуралдаанд оролцох, хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулдаг зохицуулалтыг хуульчилсан;
9.Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь хуралдаанд хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр танилцуулдаг байх, мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх журмыг нарийвчлан зохицуулж, хуульчилcан;
10.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлын дарааллыг өөрчлөх бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа гишүүд бичгээр өгсөн бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байхаар зохицууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар