Цэс

Холбоо барих

Зарим дэд хорооны дарга нарыг сонгож баталлаа


    Улсын Их Хурлын зарим Байнгын хороод өнөөдөр (2020.07.09)  хуралдаж, харьяа дэд хорооны дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


    Монгол Улсын Их Хурлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн  28 дугаар зүйлд Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгохоор тус тус зохицуулсан. 


    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 19 цаг 12 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа. 

    Байнгын хорооноос Тусгай хяналтын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжин, энэ талаарх Байнгын хорооны тогтоол батлагдав.  


    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 19 цаг 22 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлыг танилцуулсан.

    Байнгын хорооноос  Хүний эрхийн дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярын нэрийг дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж нар санал хэлэв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу тус комиссын гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг нухацтай авч үзэж, Байнгын хороотойгоо хамтран яаралтай шийдвэрлэх шаардлагатайггэж байв.

    Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг С.Бямбацогт дарга уншиж танилцуулаад батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь дэмжсэнээр тогтоол батлагдав.  


    Төсвийн байнгын хороо Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “…Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу тус дэд хорооны даргад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийн нэрийг дэвшүүлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг сонгохыг дэмжив. 

   Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа харъяа Дэд хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Нутгийн удирдлагын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Нэр дэвшигчээс асуулт асуух, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. 


    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 19 цаг 29 минутад 57.1 хувийн ирцтэйгээр эхэлж, тус Байнгын хороонд харъяалагдах Жижиг, дунд үйлдвэрлэлийн, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн,  Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв. 

    Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэд хорооны даргыг тус Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн Дэгийн хуулийн заалтын дагуу Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад Цогт-Очирын Анандбазарыг, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад Ганзоригийн Тэмүүлэнг нэр дэвшүүлж буйг танилцуулав. 

    Нэр дэвшигчдээс асуулт асуух, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Тус бүр нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 8 гишүүний 7 нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг, 85.8 хувийн саналаар Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад Цогт-Очирын Анандбазарыг, 100 хувийн саналаар Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад Ганзоригийн Тэмүүлэнг сонгохыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны тогтоол батлагдсан тооцож, Б.Чойжилсүрэн дарга тогтоолыг уншиж танилцуулсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл