Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.09) нэгдсэн хуралдааны үеэр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх, гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болохоор шинэчлэн зохицуулсан.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл тус бүрийн талаар асуулт, санал байгаа эсэхийг тодруулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гарсангүй.
Ингээд Байнгын хороооны хуралдаанд оролцсон гишүүдээс хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу хуралдаан даргалагч хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Тиймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.