Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 03 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай, Гэрээ соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн  тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлжээ.

Мөн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлсэн байна.

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй тэтгэвэр авагч иргэн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдах аж.

Зээлдэгчийн зургаан сая төгрөг, түүнээс  доош дүнтэй зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцах юм.

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөх бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөх гэрээг холбогдох банк тус бүртэй байгуулах ажээ.

Хуулиар зээлдүүлэгч зээлдэгчийн тэтгэврийг жилд нэг удаа зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглох бөгөөд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр болж буй юм.

Иргэнд эзэмшүүлэх 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас болон 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлнэ.

Мөн дугаарт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай, УИХ-ын тогтоолууд, Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээ, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс  хоорондын гэрээ, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл