Цэс

Холбоо барих

“Эрэн сурвалжлагч” нэгдэлд шаардлага хүргүүлэв

Өнгөрсөн баасан гариг буюу 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан мэтээр үндэслэлгүйгээр гүтгэсэн нийтлэл гарсан билээ. Уг нийтлэл нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хэмээх Төрийн бус байгууллагын хаягтай, нийтлэгчий хаяг нь тодорхой бус байгаа юм. Тиймээс Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа авсны үндсэн дээр тус байгууллагын тэргүүн Б.Баярмагнайд шаардлага гардуулав.

Шаардлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.      

МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН

“ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛД

Шаардлага хүргүүлэх тухай

ШААРДЛАГА

Монголын өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хэмээх “зохиогчтой” зохион байгуулалттай гүтгэлгийн шинжтэй нийтлэл 2020.01.24-ний “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд гарчээ.

“Нэгдэл”-ийн ард нэрээ нуусан зохиогчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 10 компани “шахаад” 6-д нь зээл авсан хэмээсэн байна. ЖДҮХС-гийн зээл тойрсон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг хутгах гэсэн зохион байгуулалттай үйлдэл өмнө нь ч гарч байсан удаатай. Тухайлбал, нэгэн сайтын нэр бүхий сэтгүүлч яг ийм агуулгатай гүтгэлгийг олон нийтэд түгээсэн зөрчлийн хэрэгтээ хуулийн байгууллагаас торгууль, захиргааны арга хэмжээ авагдсан юм.

Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь “Миний бие болон надтай хамааралтай хувь хүн, аж ахуйн нэгж, компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээлд хамрагдаж, зээл аваагүй, нөлөөлөөгүй тул улс төрийн зорилгоор зориуд тарааж буй гүтгэлгийг яаралтай шалгаж, хариу мэдэгдэхийг хүсье” хэмээсэн албан бичгийг Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт 2018.11.27-ны өдөр хүргүүлсэн байна. Энэ дагуу хянан шалгаад “Тухайн цахим сайтын сэтгүүлч … нь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариуг Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн юм. 

Ийнхүү нэгэнт худал мэдээлэл болохыг хуулийн байгууллага шалгаж тогтоосон байтал дахин зориудаар гүтгэж буй нь зорилготой, зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Тиймээс “нэрээ нуугаад сумаа тавьсан”, өдөр тутмын сонинуудын нэрийг ашиглан гүтгэлэг үйлдсэн этгээдүүдийг нэн даруй залруулга хийхийг шаардаж байна.

Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол хууль, шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл