Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээн “Үндсэн хууль ба Үндэсний язгуур эрх ашиг” уриан дор болсон юм. 11 дэх тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, НЗДТГ хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн мэтгэлцээн Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх нь зөв, Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгодог болох нь зөв, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах нь зөв, Шүүгчдийг Ерөнхийлөгч томилох бус батламжлах нь зөв, Үндэсний баялгийн санг байгуулахдаа Норвегийн загварыг баримтлах нь зөв, Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй, Шүүгчийн сахилгын хорооны гишүүдийн талаас илүү хувьд нь жирийн иргэдийн төлөөлөл байх ёстой, Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ нь тэргүүлэгчгүй байх нь зөв зэрэг 15 шийдлийн хүрээнд өрнөлөө.
Тэмцээн 2 өдөр үргэлжилсэн бөгөөд 48 багийн 96 оролцогч оролцож аваргаа өчигдөр /2020.01.26/ тодрууллаа. Тэргүүн байранд “Морал” багийн Ж.Өнөмөнх, Н.Мөнгөнбагана, дэд байранд МУИС-ийн “ Golden Snitch” багийн Б.Гүнболд, Л.Амарзаяа, Гуравдугаар байранд СЭЗИС-ийн баг, тусгай байранд А.Сүхбат, М.Агиймаа нар шалгарлаа хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.