Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2020.01.20-25)

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2020.01.20-25)


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг нэг удаа хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэснийг санал хурааж шийдвэрлэв.  


Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуулийг шинэчилснээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгож комиссын гишүүнийг тав болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын чиг үүргийг тодорхой болгох, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр тусгасныг ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь гишүүн танилцуулсан юм.


Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. 

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдгийг илтгэгч дурдав. Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн, гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээ хангах асуудлыг шийдвэрлээгүйгээс 3 гэрлэлт тутмын 1 нь санхүү, 5 гэр бүл тутмын 1 нь орон байрны асуудалтай байгаа, түүнчлэн судалгаанд оролцогчдын 55.3 хувь нь гэр бүлийн зөрчил маргааны шалтгаан санхүү, өр зээл гэсэн бол согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй гэж 15.7 хувь нь, хүүхдийн асуудлаас үүдэлтэй гэж 15.3 хувь нь хариулжээ.  Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүр урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог хэмээн дүгнэж болно хэмээн сайд танилцуулгадаа дурдав.


Иймээс гэрлэлт нь сайн дурынх байх, гэрлэгсэд тэгш эрхтэй байх, гэр бүлийн асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, хариуцлагатай байх, хүүхдийг гэр бүлд нь өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан ажлын хэсэг болон салбарын сайдаас хариулт авч, төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2020.01.21. http://www.parliament.mn/n/fumy


УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцэв. “Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах тухай хүсэлтийг тус дэд хороонд ирүүлснийг дэд хорооны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын гишүүдээс холбогдох тайлбар, мэдээллийг авах, судалж дүгнэх нь зүйтэй хэмээн үзээд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон.

Дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүдийн нэр төртэй холбоотой асуудал яригдахаар болж байгаа учраас асуудлыг хаалттай хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Баделхан гаргасныг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. 2020.01.21.  http://www.parliament.mn/n/fzmy


Төрийн байгуулалтын байнгын хороо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төвлөрлийг сааруулах хууль эрх зүйн орчныг судалж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нээж хэлсэн үгэндээ, 2017 оноос хойш нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал яригдаж, 2018 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны төслийг бэлтгэсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэхтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгүүлсэн талаар дурдав.


Мөн хуулийн төслийг бэлтгэх явцад шинэ эрх зүйн орчин бий болсон буюу 2019 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт орсон учир Үндсэн хуультай нийцүүлж нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүссэн. Энэ парламентын үлдсэн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлж гол гол хуулиудаа батлах чиглэлтэй ажиллаж байна. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийг дагалдуулан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн батлах учир ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг бүрэн хангасан байх ёстой гэдгийг онцлов.

Дараа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульч, судлаач Д.Ганзориг танилцуулж, танилцуулгатай холбогдуулан оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар ярилцаж, саналаа хуваалцав. 2020.01.21. http://www.parliament.mn/n/f5my


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 2013-2017 оны хооронд 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарчээ.


Энэ төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод байгаа аж. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна. 

Дараа нь Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ. 2020.01.22. http://www.parliament.mn/n/gxmy


УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр “Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд хэмжээний уулзалт, айлчлалууд тогтмолжиж байгаагийн зэрэгцээ иргэд хооронд болон соёл, спортын салбарын харилцаа хөгжиж байна. Цаашид Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоёр улс анхаарч ажиллах шаардлагатай. Бидний хувьд инновацад суурилсан эдийн засгийг хөгжүүлэх сонирхолтой байна” гэдгийг онцлов.

Элчин сайд Кобаяши Хироюки Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцож, хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрөнгө оруулагчдыг татах нь чухал. Японы хөрөнгө оруулагчдыг татахад бизнесийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй учраас Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдэх шаардлагатай зарим асуудал байгааг дурдав.

Элчин сайд Кобаяши Хироюки 1987-1989 он Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга, 2005-2008 онд ЭСЯ-ны Дэд тэргүүнээр томилогдон ажиллаж байжээ. 2020.01.22. http://www.parliament.mn/n/gumy


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүнээс  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулсан юм.

УИХ-ын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан уг ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос төлөөлөл орж ажиллажээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэсэн байна. 


Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэв.  Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.8.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентийг интернетийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг; 3.1.9.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.” гэсэн  агуулгатай заалт, мөн төслийн 7 дугаар зүйлд “7.6.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн төслийн 10 дугаар зүйлд “10.11.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайлангт нэгтгэж 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгуулагад хүргүүлнэ., 10.12.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороод тайландаа тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэсэн хэсгийг тус тус нэмэхээр болов.  Түүнчлэн төслийн  33 дугаар зүйлд “33.1.9.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогоогдсон.” гэсэн агуулгатай хэсэг, төслийн 29 дугаар зүйлд “29.8. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 1-ний” гэснийг “08 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөх, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат нар  хуулийн төсөлд “сонгуулийн ирцийг 50+1 хувь байх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулж, хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг, УИХ дахь намын бүлэг,  зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль, тогтоомжийн санал ирүүлжээ. 

Тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримталжээ. Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, батлуулахыг дэмжлээ.


Үргэлжлүүлэн Засгийн газраас  2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын  Н.Цэрэнбат танилцуулсан. 

Холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн алба байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллах юм байна.

Улс орны хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч өнөөдөр хоорондоо ямар ч мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх, боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол орны онцлогт тохирсон Үндэсний геологийн албыг шинээр байгуулах бодит шаардлага урган гарч байгааг сайд танилцуулгадаа онцлов. 2020.01.22. http://www.parliament.mn/n/gzmy


Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл  ажиллагааны талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр анх 2004 онд байгуулагдсан бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэж иржээ. Иргэд, байгууллагын гомдол, мэдээллийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг хуулиудын хүрээнд шалган шийдвэрлэх зэргээр өргөн хүрээнд ажилладаг байна.


Сайд мэдээлэлдээ тус газар нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тоо баримтыг танилцуулахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд тус газрын чиг, үүрэг нэмэгдэж ирсэн ч бүтэц, орон тоо, төсвийг нь нэмээгүй явж ирснийг онцлов.  Мөн тус газар газар ажил үүргээ хэрэгжүүлэхэд үүсэж байгаа тулгамдсан асуудлуудыг танилцуулсан юм. Тухайлбал,  үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангах хэмжээнд орон тоог нэмэгдүүлэх, орон нутгийн орон тооны бус улсын байцаагчдыг орон тооны болгож, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх,  байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах үндсэн хөрөнгийн шинэчлэлд зориулагдсан компьютер, тоног төхөөрөмж, хяналт шалгалтын автомашин авахад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлуудыг шийдвэрлэх, хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, газрын хараат бус бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх, төсөв дутмагаас өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн олон нийтийг соён гэгээрүүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дотоод нөөц, боломжийг бүрэн дайчилж, гадаадын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа боловч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн тус байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүдийг батлах шаардлагатайг дурдав.  

Байнгын хорооны хуралдаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва болон тус газрын бусад албан тушаалтнууд оролцсон бөгөөд мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулан хариулт авч, байр сууриа илэрхийлсэн юм. Хуралдааны төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байнгын хороо Шадар сайдын Ажлын албатай хамтран тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар ажиллана гэдгээ хэлээд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. 2020.01.22. http://www.parliament.mn/n/g5my


Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн барилаа.

1.Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс  нутаг, хот суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөл 10 бүлэг, 60 зүйлтэй юм. Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох бүх газруудад хэлэлцүүлэг зохион байгуулж, төр захиргааны байгууллага, иргэд, олон нийтийн саналыг авч төсөлд тусгажээ.

Хот байгуулалтын тухай хуулийг анх 1988 онд баталсан бөгөөд хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


2.Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын / Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан бөгөөд УИХ-ын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ.

Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохиоцуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

3.Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсэн байгуулагдаж Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 гишүүн улстай аж. Тус байгууллагын Ерөнхий бага хурал 1988 оны 6 дугаар сарын 1-нд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай’’ 167 дугаар Конвенцыг баталжээ.

Монгол Улс энэхүү Конвенцыг соёрхон баталснаар барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна. 2020.01.22.  http://www.parliament.mn/n/g9my


Цахим бодлогын түр хорооны хуралдаанаар түр хорооны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсож, энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Чинбат танилцуулга хийлээ. Тус хорооноос яам, агентлаг, аймгуудын хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээллийг гаргах, дүн шинжилгээ хийх зорилгоор хийсэн судалгаагаар төрийн захиргааны төв болон 21 аймгийн хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 149 төслийг 1,083.937 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна гэсэн дүн гарчээ.

Цахим орчин, нийгмийн сүлжээний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь “Фэйсбүүк” групптэй албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлснээр бүх нийтэд цахим орчин, нийгмийн сүлжээний зөв зохистой, аюулгүй хэрэглээний мэдлэг, чадвар олгох чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Энэ хүрээнд “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019" форумыг зохион байгуулж “Фэйсбүүк” группын албан ёсны төлөөлөгч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан цахим орчин, нийгмийн сүлжээний сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх талаар дөрвөн салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, форумын нэгдсэн зөвлөмж гаргажээ.

Цахим орчин дахь нийгмийн сүлжээнд хэрэглэгч утасны дугаараар бүртгүүлэхтэй холбоотой заалтыг Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмж тусган энэхүү заалтыг хангах ажлын хүрээнд үүрэн холбооны үйлчилгээний бүртгэлгүй хэрэглэгчийг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлсэн бөгөөд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлгүй хэрэглэгчийн тоо 2019 оны 03 дугаар сарын байдлаар 43103 байсныг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 5627 болгон бүртгэлгүй хэрэглэгчийн 87 хувийг бүртгэлд хамруулсан гэсэн мэдээллийг өгөв. 


Дараа нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг мэдээлэл хийлээ. Цахим орчинд хүүхэд хамгаалах асуудлаар 2019 онд холбогдох чиглэлийн 11 байгууллагатай нийт 30 гаруй төсөл хэрэгжүүлэх, ажлын хэсэгт ажиллах, хэлэлцүүлэг хийх зэргээр үр дүнтэй хамтран ажилласан. “Фэйсбүүк” компанийн Ази-Номхон далайн бүс нутгийн төвтэй холбоо тогтоон ажилласны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Government-Case-Work-Channel” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсад анх удаа ажиллуулж эхэлжээ. Уг сувгаар дамжуулан ЦЕГ, Оюуны өмчийн газрын албан ёсны шийдвэрийн дагуу нийт 21 удаагийн хүсэлтээр 23 хууль бус групп хуудас, 17 хуурамч хэрэглэгч, 87 хууль бус контентийг фэйсбүүк орчноос устгасан байна. Мөн тус компанитай УИХ-ын сонгуулийн үеэр үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Мөн хуралдаанд УБЕГ-ын дарга Б.Баасандорж Цахим бодлогын түр хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээний талаарх мэдээллээр иргэдийг түргэн шуурхай хангахад үүрэн телефоны оператор компаниудыг оролцуулах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар уулзалтыг зохион байгуулж, албан бичгийг явуулсан. Эхний ээлжинд “Мобиком” компанитай гэрээ байгуулахаар төслөө хүргүүлээд байгаа бөгөөд “Жимобайл”, “Скайтел”, “Юнител” компаниуд дэмжин ажиллахаа илэрхийлсэн гэдгийг тэрбээр тодотгов. “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд төрөлжсөн бүртгэлийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн дугаарт үндэслэж бүртгэх, ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх ажил хэрэгжиж эхэлсэн гэдгийг мөн онцлов. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 


Дараа нь “Чиглэл өгөх тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Цахим орчинд иргэд үнэн зөв, зохистой мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон нийтийн сүлжээн дэх цахим хуудсыг энгийн хэрэглэгчээс ялгагдах таних тэмдэгтэй байх (verification, blue badge) шаардлагыг бий болгох, таних тэмдэгээ авахад нь дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль бус болон хориотой контент, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд үл нийцэх, олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал учруулж болохуйц гэж үзсэн контент, мэдээллийг түгээж буй цахим хуудасны домэйн нэр болон олон нийтийн сүлжээний хаягуудад хяналт тавьж хуурамч хаягуудыг устгуулах, хандалтыг хязгаарлах арга хэмжээг шуурхай зохион байгуулж байх, ногоон сувгийн хэрэгжилтийг сайжруулах, энэ талаар олон нийтэд сурталчлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор уг тогтоолын төсөлд тусгажээ. Мөн олон нийтийн сүлжээг ашиглан иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, сурталчлах, асуулга, судалгааг зохион байгуулах зэргээр төрийн албан хаагчдад олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүүхэд цахим орчинд олон нийтийн сүлжээг мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх зорилгоор ашиглах зөв хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулж Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх талаар тусгасан байна.

Түр хорооны хуралдаанаар Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Түр хорооны дарга Н.Учрал танилцуулав. Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тогтолцоог бий болгож төлөвшүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөл нь бүхий л төрлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд үйлчлэх буюу мэдээллийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, түгээж байгаа хуулийн этгээд, хувь хүний үйл ажиллагаанд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, радио телевиз, цахим мэдээллийн сайт, бусад уламжлалт болон уламжлалт бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон үзвэр үйлчилгээ явуулж байгаа олон нийтийн газарт аливаа мэдээлэл түгээж байгаа зэрэг бүхий л этгээд энэхүү төслийн үйлчлэх хүрээнд хамаарахаар тусгажээ. Төслийн 4 дүгээр зүйлд хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө бүхий мэдээллээс хамгаалах үйл ажиллагааны зарчмыг тусгасан бөгөөд эдгээр зарчмууд нь “мэдээллийг түгээх арга, хөтөлбөр, газрыг зохистой төлөвлөх замаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах”-д чиглэжээ. 2020.01.22. http://www.parliament.mn/n/8dmy


УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 9 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэжээ.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн гишүүдийн 63.5 хувийн саналаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.


Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэснийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, гишүүдийн 58.5 хувийн саналаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Заиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг гишүүдийн 61.5-65.4 хувь нь дэмжсэнээр эцэслэн батлав.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан УИХ-ын гишүүүн Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооны төлөөлөл орж ажилласан байна.

Энэ хугацаанд ажлын хэсэг таван удаа хуралдаж, хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэжээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 


Хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн дугаарыг 4.9 дэх хэсэг болгож, орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт нь нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт; энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт гэсэн төрөлтэй байхаар өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төвд 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төв болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс” гэж, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо.

Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 01-ний” гэснийг “8 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан санал Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсгийн саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Энэ саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байгаа, төрд ажиллах хүсэлтэй нь төрийн албандаа тууштай үнэнчээр ажиллах, харин улс төрд орох хүсэлтэй нь ажлаа өгөөд улс төрөө хөөгөөд явдаг байх нь зүйтэй, сонгуульд нэр дэвшиж ялагдчихаад төрийн албанд буцаад ордог байдлыг эцэслэх ёстой. Энэ заалт дэмжигдвэл хууль хоорондын зөрчил үүсэхэд хүрнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэн юм.


Түүнчлэн төслийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар болов. Харин төслийн мөн зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 29.8 дахь хэсэг нэмэх санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Иймээс уг заалтыг эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин нягталж хууль хоорондын уялдааг хангах, зөрчлийг арилгах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.   

Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хуулийн төсөлд “сонгогчдын ирц 50+1 хувь байх” гэсэн агуулгатай заалтыг тусгах санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн хуулийн төслийн талаарх найруулгын саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. 2020.01.23.    http://www.parliament.mn/n/8mmy


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан төслийг хуульд нийцүүлэх, төслийн хэсэг, зүйл, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох зэрэг саналуудыг хэлэлцэж дэмжжээ. Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.


Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн алба байгуулахаар тусгажээ. Шинээр байгуулах Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллана юм байна.

Улс орны хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч өнөөдөр хоорондоо ямар ч мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх, боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол орны онцлогт тохирсон Үндэсний геологийн албыг шинээр байгуулах бодит шаардлага тулгарч буйг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Үндэсний геологийн алба байгуулагдсанаар салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангахын зэрэгцээ цаашид томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлж, дагалдах хот суурингуудыг байгуулах боломжийг бүрдүүлэх, Монгол орны нутаг дэвсгэрийн геологи орчинг судлах, эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлэх, хүн амыг таатай орчинд амьдрах нөхцөлийг хангах зэрэг бодлогын хзрэгжилтийг давхардалгүйгээр, үргүй зардал багатайгаар, харьцангуй хэмнэлттэй арга замаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2020.01.23.  http://www.parliament.mn/n/8xmy


УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 11 цаг 00 минутад эхэлж, УИХ-ын гишүүд хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэлсний дараа хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тодорхой асуудлуудаар гишүүдэд тайлбар, мэдээлэл өгсөн юм. тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын саналтай холбогдуулан “УИХ-д танилцуулсан судалгаагаар 229 мянган ахмадын 758 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх мэдээлэл бий гээд Засгийн газар энэ долоо хоногт шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа юм байна. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө холбогдох арга хэмжээ авахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин тэтгэврийн зээлгүй 191 мянган ахмадад 1 сая төгрөгийн ваучер олгох ажлыг Засгийн газрын түвшинд зохицуулна, УИХ энэ талаар холбогдох хууль тогтоолоо гаргасан хэмээн УИХ-ын дэд дарга хэллээ. Мөн тэрбээр бүх улс орны Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд заналхийлж буй коронавирусын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Шадар сайдад хандан сануулаад ДЭМБ-аас ч холбогдох зөвлөмжийг гаргасан байна. Иймд Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, тодорхой шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлага үүсээд байгааг онцлов. 


Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цаг үеийн асуудалтай холбогдуулан бүлэг яаралтай хуралдах шаардлагатай байна” хэмээгээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр цагийн завсарлага хүссэнийг УИХ-ын дэд дарга хүсэлтийг хүлээн авч завсарлага олгож буйг мэдэгдэв.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2020 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болов. 2020.01.24.  http://www.parliament.mn/n/8zmy


УИХ-ын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүн ам эдийн засгийн хурдтай өсөлтөөс хамаарч усны нөөцийн хомсдол, бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2050 он гэхэд дэлхийн усны нөөцийн хэрэглээ 40 хувиар өсч, нийт хүн амын 25 хувь нь цэвэр усны нөөцийн хомсдолд орж болзошгүй байна гэж онцлон тэмдэглэсэн. 

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 570 сая шоометр усны нөөцийг ашигласан бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар газрын доорх усны хяналт, шинжилгээний нийт 265 мониторингийн цэг ажиллаж байна. Үүнээс 46  бүрэн автомат, 219 хагас автомат багажийг газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээнд холбоод байна. 

Хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2019 оны 05 дугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулсан. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийн дээд, доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгсөн.

Саяхан УИХ-ын нэгдсэн чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж Усны агентлаг байгуулахаар шийдвэрлэсэн. Шинээр байгуулагдах Усны агентлаг нь Монгол Улсын хэмжээнд усны нөөцийг судалж тогтоох нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усны бохирдол, хомсдолоос сэргийлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд усны харилцаанд оролцогч олон талын ажлын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар дамнасан өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг нэгдсэн бодлого зохицуулалтанд оруулах, иргэн аж ахуйн нэгж, байгуулагуудыг мэдээлэл, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллана. Ингэснээр усны сайн засаглал, зөв менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгааг сайд танилцуулгадаа онцлов. 

Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 20-70 хувь байхаар дээд, доод хязгаарыг зааж өгсөн. Хуулийн дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад шаардагдах усны төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10 хувь байсныг 15 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгохоор судалгаа хийсэн. Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг ийнхүү нэмэгдүүлэн тооцож үзэхэд, тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын 0.09-0.9 хувийг эзэлж байгаа  бөгөөд энэ нь үйлдвэр, уурхайн үйл ажиллагаа  эрхлэгчдэд эдийн засгийн хувьд ямар нэгэн дарамт үүсгэхгүй гэж үзэж байна гэж салбарын сайд дурдав.


Сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймээс асуулга тавьсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хэлсэн үгэндээ, ус  хамгийн үнэт баялаг тул Монгол Улс усныхаа засаглалыг бэхжүүлэх, одоо мөрдөгдөж байгаа усны хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах нь давуу тал гэж үзэж байгаагаа онцлов. Мөн Монгол орны усны нөөцийн хяналтын 265 мониторингийн цэг байгуулагдсаны 46 нь л бүрэн автомат байгаад төрөөс анхаарч бүрэн автоматжуулах, уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа усны бодлогын асуудалд хяналтын техник, технологийг нэвтрүүлэх шаардлагатайг дурдав. 

Чуулганы нэгдсэн хуралдаан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх илтгэлдээ, Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг. Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн байгааг тоон мэдээллээс харж болно. Холбогдох судалгаанаас харахад монголын гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээ хангах асуудлыг шийдвэрлээгүй байна. Гурван гэрлэлт тутмын 1 нь санхүү, 5 гэр бүл тутмын 1 нь орон байрны асуудалтай байгаа талаар холбогдох судалгаанд дурдсан байна. Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүл урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог гэж дүгнэж болно гэдгийг сайд илтгэлдээ онцлов.


Сүүлийн жилүүд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил хийж, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарч, эрүүл нийгмийн орчинд иргэд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага, оролцоо нэмэгдэж, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангах, эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, эерэг хандлагатай болгох, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сахин хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эдгээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт сайн дурынх байх, гэрлэгсэд тэгш эрхтэй байх, гэр бүлийн асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож, шийдвэрлэх, хариуцлагатай байх, хүүхдийг гэр бүлд нь өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан төслийг боловсруулжээ. Түүнчлэн төрөөс гэр бүлд дэмжлэг үзүүлснээр гэр бүлийн амьдрал тогтворжиж, эцэг эхийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 

Төслөөр төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах, залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн харилцааны аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас албан боловсролоор олгох, залуусыг гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ. 


Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга оруулжээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагч болон Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч, хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг ирэх долоо хоногт шийдвэрлэх юм. 2020.01.24. http://www.parliament.mn/n/edmy

Мөн чуулганы нэгдсэн хуралдааны дараа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай горимоор хуралдаж, Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.


УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн Төрийн ордонд эхэллээ.  Энэ жилийн тэмцээн “Үндсэн хууль ба Үндэсний язгуур эрх ашиг” уриан дор болж байгаа бөгөөд тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. 


Мэтгэлцээнийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар нээж үг хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Одоо Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хуулиудыг бэлтгэн, хэлэлцэх  гэж байгаа үед оюутан, залуучууудын энэхүү мэтгэлцээн болж байгаа нь чухал ач холбогдолтой юм. 2008 оноос  хойш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хиийх гэж хэд хэдэн оролдлого хийсэн байдаг. Үүнээс хойш 11 жилийн үйл явцыг харахаар Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг амаргүй ажил, үндэсний зөвшилцөл юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ажилд манлайлан оролцохдоо төрийг бэхжүүлэх тухай асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Төрийн эрх барих дээд байгууллага бол Монгол Улсын Их Хурал. Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага гэдгийг  дурдлаа. 


Энэ удаагийн мэтгэлцээн Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх нь зөв, Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгодог болох нь зөв, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах нь зөв, Үндэсний баялгийн санг байгуулахдаа Норвегийн загварыг баримтлах нь зөв зэрэг 15 шийдлийн хүрээнд өрнөж байгаа аж. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргаа шалгаруулах бөгөөд 48 багийн 96 оролцогч  өрсөлдөж байна. 2020.01.25.  http://www.parliament.mn/n/exmy

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл