Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас тавьсан асуулгын хариуг сонслоо


Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.24) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүн ам эдийн засгийн хурдтай өсөлтөөс хамаарч усны нөөцийн хомсдол, бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2050 он гэхэд дэлхийн усны нөөцийн хэрэглээ 40 хувиар өсч, нийт хүн амын 25 хувь нь цэвэр усны нөөцийн хомсдолд орж болзошгүй байна гэж онцлон тэмдэглэсэн. 

Манай орны хувьд Усны талаар төрөөс баримтлах бодлогыг тодохойлох урт богино хугацааны хэд хэдэн баримт бичгүүдтэй. Тухайлбал: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Ус” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд гадаргын усыг хуримтлуулах, урсацын тохируулга хийх, шилжүүлэн ашиглах талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Монгол орны хэмжээнд гадаргын усны хуримтлал бий болгох, усны нөөцийг нэмэгдүүлэх, урсацын тохируулга хийх, шилжүүлэн ашиглахаар төлөвлөж буй боломжит хувилбаруудыг нэгтгэсэн “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд манай орны 12 томоохон гол дээр 33 байршлыг сонгон гадаргын ус хуримтлуулах боломжийн талаарх урьдчилсан судалгааг хийгээд байна. Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 570 сая м усны нөөцийг ашигласан бөгөөд үүний 170 сая м  усыг усалгаатай газар тариаланд, 135 сая м усыг мал аж ахуйн салбарт, 80 сая м усыг хүн амын унд ахуйд, 90 сая м усыг уул уурхайн салбарт, 63 сая м усыг ахуйн үйлдвэрлэл үйлчилгээнд, 32 сая м усыг эрчим хүчний салбарт тус тус ашиглажээ. 2019 оны жилийн эцсийн байдлаар газрын доорх усны хяналт, шинжилгээний нийт 265 мониторингийн цэг ажиллаж байна. Үүнээс 46  бүрэн автомат, 219 хагас автомат багажийг газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээнд холбосон гэж байлаа. 


Хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, 2019 оны 05 дугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийн дээд, доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал: Ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах гэх мэт. Мөн сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс усны нөөцийг хэтрүүлэн ашигласан тохиолдол цөөнгүй гарсан. Энэхүү харилцааг  зохицуулах зорилгоор усны нөөцийг зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан тохиолдолд усны нөөцийн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах Засгийн газрын 391 дүгээр тогтоолыг боловсруулан батлуулаад байна. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөх хэлбэрээр тооцож төлбөр төлдөг болсноор байгалийн нөөцийг зүй зохистой хэмнэлттэй ашиглаж, усны нөөцийг хомсдохоос сэргийлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байна гэж Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ онцолсон.

Саяхан УИХ-ын нэгдсэн чуулганаар Усны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж Усны агентлаг байгуулахаар болсныг Та, бид бүгд мэдэж байгаа. Шинээр байгуулагдах Усны агентлаг нь Монгол улсын хэмжээнд усны нөөцийг судалж тогтоох нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усны бохирдол, хомсдолоос сэргийлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд усны харилцаанд оролцогч олон талын ажлын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар дамнасан өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг нэгдсэн бодлого зохицуулалтанд оруулах, иргэн аж ахуйн нэгж, байгуулагуудыг мэдээлэл, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллана. Ингэснээр усны сайн засаглал, зөв менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 


“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 20-70 хувь байхаар дээд, доод хязгаарыг зааж өгсөн. 

Хуулийн дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад шаардагдах усны төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10 хувь байсныг 15 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгохоор судалгаа хийсэн. Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг ийнхүү нэмэгдүүлэн тооцож үзэхэд, тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын 0.09-0.9 хувийг эзэлж байгаа  бөгөөд энэ нь үйлдвэр, уурхайн үйл ажиллагаа  эрхлэгчдэд эдийн засгийн хувьд ямар нэгэн дарамт үүсгэхгүй гэж үзэж байна гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдав.


Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ус  хамгийн үнэт баялаг тул Монгол Улс усныхаа засаглалыг бэхжүүлэх, одоо мөрдөгдөж байгаа усны хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах нь давуу тал гэж үзэж байгаагаа онцлов. Мөн Монголын усны нөөцийн хяналтын 265 мониторингийн цэг байгуулагдсаны 46 нь л бүрэн автомат байгаад төрөөс анхаарч бүрэн автоматжуулах, уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа усны бодлогын асуудалд хяналтын техник, технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэж байлаа. 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв. 

Засгийн газар өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. 

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдгийг илтгэлд дурдав. Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн байгааг тоон мэдээллээс харж болох юм. Холбогдох судалгаанаас харахад монголын гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээ хангах асуудлыг шийдвэрлээгүй байдаг байна. Гурван гэрлэлт тутмын 1 нь санхүү, 5 гэр бүл тутмын 1 нь орон байрны асуудалтай байгаа талаар холбогдох судалгаанд дурдсан байгаа аж. Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэх боломж олгохыг хүсчээ. Судалгаанд оролцогчдын 55.3 хувь нь гэр бүлийн зөрчил маргааны шалтгаан санхүү, өр зээл гэсэн бол согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн 15.7 хувь нь, хүүхдийн асуудлаас үүдэлтэй хэмээн 15.3 нь хариулжээ.  Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүл урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог хэмээн дүгнэж болно хэмээн сайд танилцуулгадаа дурдсан. Өрхийн санхүүгийн хүртээмжгүй байдал, хосын тааламжгүй харилцаа, хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын үр дагавар хүүхдэд хүндээр тусч, эрх нь зөрчигддө байгаан С.Чинзориг сайд танилцуулгадаа дурдав. 


Сүүлийн жилүүд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажлууд хийж, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарч, эрүүл нийгмийн орчинд иргэд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага, оролцоо нэмэгдэж, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангах, эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, эерэг хандлагатай болгох, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сахин хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эдгээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт сайн дурынх байх, гэрлэгсэд тэгш эрхтэй байх, гэр бүлийн асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож, шийдвэрлэх, хариуцлагатай байх, хүүхдийг гэр бүлд нь өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан төслийг боловсруулжээ. Түүнчлэн төрөөс гэр бүлд дэмжлэг үзүүлснээр гэр бүлийн амьдрал тогтворжиж, эцэг эхийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 

Төслөөр төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцаах зохицуулах зорилготой. Залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн харилцааны аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас албан боловсролоор олгох, залуучуудыг гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ. 

Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.  


Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. 

 Хууль санаачлагч гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжих, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох асуудлыг тодорхойлон зохицуулах, гэр бүл, хүүхдийн төлөө хүлээх үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, хүүхэд үрчлэлт, асран хамгаалалтыг оновчтой зохицуулах, төрөөс гэр бүлийг дэмжих бодпогыг тодорхойлох болон гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа асуудпыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Х.Нямбаатар гишүүн танилцуулгадаа дурдлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Н.Учрал, Я.Содбаатар, М.Билэгт нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Н.Оюундарь нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Гишүүдийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ гэр бүлийн салалтын шалтгаан нь эдийн засгийн баталгаанаас хамаарч байгаа тул төрөөс энэ асуудалд ямархуу дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг лавлав. Мөн гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдийн талаарх хяналт, эцэг, эхчүүдийн хариуцлагын асуудлыг хуульд хэрхэн тусгасан, хүүхдийн тэтгэмжийн  хэмжээг хэрхэн тогтоосныг илүүтэй тодруулсан юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа, Гэр бүл салсны дараах хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх явцад эргэн харах шаардлагатай байгааг онцлоод 11 хүртлэх насны хүүхдэд амьжиргааны түвшингийн 50 хувь, 11-ээс дээш насны хүүхдийн тэтгэмжийн хэмжээ амьжиргааны түвшинтэй тэнцүү байхаар хуулийн төсөлд тусгасныг дурдлаа. Мөн тэрбээр, гадаадад хүүхэд үрчлүүлэх асуудлыг өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтарсан журмаар зохицуулж байсан бол энэ асуудлыг хуулиар зохицуулахаар тусгасан. Өнөөдөр 17 улсад 271 монгол хүүхэд гадаадад үрчлүүлснээс АНУ-д 156, ХБНГУ-д 35, Финляндад 20 хүүхэд үрчлүүлсэн гэх статистик тоо  байгааг дурдаад эдгээр хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, хөгжил, хүмүүжлийн асуудал ямар байгаа талаарх хяналт сул байгааг хариултдаа онцолсон. 


Харин Ажлын хэсгийн зүгээс, Гэр бүлийн харилцааны аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас албан боловсролоор олгох, залуучуудыг гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг асуудлуудад төрөөс дэмжлэг үзүүлэх байдлаар зохицуулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. 

Ингээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг дараагийн хуралдаанаар  үргэлжлүүлэхээр тогтов. Хуралдааны төгсгөлд зарим хуулийн эцсийн найруулгыг сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл