Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2020.01.22/-ийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энхболд санал хэлэв. Тэрбээр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг, Цагаан дэл уулын орчим хилийн боомт нээх асуудлыг нутгийн иргэдээс санал авалгүй шийдвэрлэсэн. Ховор ан амьтантай, ундны усгүй шахам, онгон дагшин газар хилийн боомт нээж, суурин газар болгох нь зохисгүй гэдгийг иргэд хэлж байна гээд эл асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэн, шийдвэрлэх хүсэлт гаргалаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг энэ асуудлаар иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахаар албан бичгээр хандсан бөгөөд албан мэдээлэл авсны дараа хэлэлцэх боломжтойг хэлэв.
Ингээд хэлэлцэх асуудалдаа орж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр 2004 онд байгуулагдсан бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэдэг. Гомдол, мэдээллийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг хуулиудын хүрээнд шалган шийдвэрлэх зэргээр өргөн хүрээнд ажилладаг байна.
Сайд мэдээлэлдээ тус газар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тоо баримтыг танилцуулахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд тус газрын чиг, үүрэг нэмэгдэж ирсэн ч бүтэц, орон тоо, төсвийг нь нэмээгүй явж ирснийг онцлов.
Мөн тус газар газар ажил үүргээ хэрэгжүүлэхэд үүсч байгаа тулгамдсан асуудлуудыг танилцууллаа. Тухайлбал, үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг хангах хэмжээнд орон тоог нэмэгдүүлэх, орон нутгийн орон тооны бус улсын байцаагчдийг орон тооны болгож, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах үндсэн хөрөнгийн шинэчлэлд зориулагдсан компьютер, тоног төхөөрөмж, хяналт шалгалтын автомашин авахад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлуудыг шийдвэрлэх, хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, газрын хараат бус бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх, төсөв дутмагаас өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн олон нийтийг соён гэгээрүүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дотоод нөөц, боломжийг бүрэн дайчилж, гадаадын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа боловч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв.
Цаашид эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүдийг батлах шаардлагатай талаар танилцууллаа.
Мэдээлэл сонсохтой холбоотойгоор байнгын хоррооны хуралд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва болон тус газрын бусад албан тушаалтнууд ирсэн байв.
Дараа нь мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарттай холбогдуулан үндэсний болон импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлд шударга өрсөлдөөн хэрхэн хангагдаж байгааг, мөн Монголд үйлдвэрлэсэн хүнс ч, бараа бүтээгдэхүүн ч үнэ нь өндөр хэрнээ олон улсад битгий хэл дотооддоо өрсөлдөх чадваргүй байх хандлага байна. Энэ талаар судалгаа байна уу гэдгийг тодруулав.
Дээрх асуултад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва өрсөлдөөний асуудлыг улс оронд зохион байгуулах эрх зүйн орчин байгаа ч бүхий л салбарт хүрч ажиллах хүний нөөцийн боломж, хүчин чадал тааруу. Боломж нөөцөө ашиглан салбарын яам, агентлагуудад зөвлөмж хүргэж ажилладаг гэсэн хариулт өгөв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, Д.Сарангэрэл нар асуулт асуусан. Гишүүд дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах, дэмжих талаар явуулж буй бодлого, мах, шатахууны үнийн өсөлтийн дагуу хэрхэн ажилладгийг тодруулж асуулаа.
Махны үнийн өсөлттэй холбогдуулж салбарын яаманд зөвлөмж хүргүүлж ажилладаг. Махны үнийн өсөлтөд мах бэлтгэлийн ажил хангалтгүй байгаа нь нөлөөлдөг дүгнэлт гардаг. Мөн махыг экспортод гаргахдаа цаг хугацааны хувьд дотоодын эрэлт ихэсдэг цаг үетэй тааруулахгүйгээр зохицуулах шаардлага байна гэж Б.Лхагва хариуллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Мурат, М.Билэгт нар санал хэлэв.