Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2020.01.30) Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт нийслэлийн зургаан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны төлөөлөл болсон 80 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хуулийн төслийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм.
Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулан байгуулсан.
Орон сууцны тухай хууль анх 1999 онд батлагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй, орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан зохицуулалтууд нь хуулийн зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тогтоогдсон байна.
Түүнчлэн 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалт амьдралд нийцэхгүй, хэрэгжилт хангалтгүйгээс зөрчил маргаан гарсаар байна. Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа боловч ШӨХТГ-т 2018 онд л гэхэд иргэдээс 1850 гомдол ирсний дотор хамгийн их буюу 31.6 хувийг барилга, орон сууц, сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах асуудал эзэлж байгаа юм.
СӨХ-нд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах хөрөнгийн хуримтлал бүрдүүлдэггүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, нөгөө талаас холбогдох зардлыг иргэдээс шууд нэг дор төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй байгаа зэрэг асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд байнга ханддаг байна.
Тиймээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах, мэргэжлийн байгууллага, СӨХ-ны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулж, сууц өмчлөгчдийн эрх ашигт нийцүүлэх шаардлагыг үндэслэн Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн Орон сууцны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан талаар төслийн танилцуулгад дурджээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд учир дутагдалтай, засаж сайжруулах зохицуулалт олон байгааг дурдаад Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны хуулийг тус тусад нь боловсруулах, иргэд болон СӨХ-ны төлөөллийг оролцуулан дахин хэлэлцүүлэг хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.