Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 39 дэх дугаарын тойм

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Бутаны вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Түүнчлэн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Намсрайжавын Лувсанжавыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Чойнзонгийн Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилж, түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтлэв.

Мөн Батнямын Алтанжаргалыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар, Даваадоржийн Дэлгэрцогтыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилсон тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.

УИХ-ын тогтоолоор Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Энхбаярын Батшугарыг томилжээ. Энэ тухай шийдвэрийг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэллээ.

Эмхэтгэлд Аймаг, нийслэлийн Засаг даргын харьяа зарим агентлагийн тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг шинээр болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан ямар өөрчлөлт орсон талаар ийнхүү тогтоолоос танилцах боломжтой.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох болсонтой холбогдуулан 10 дугаар сарын сүүлийн арав хоногт багтаан хүүхдийн мөнгө олгохоор бэлтгэл ажлыг зохион байгуулах, хүүхдийн мөнгийг олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх болон хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, программ хангамж боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, үүрэг болгосон байна. Үүнээс гадна Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгосон ажлын дүнг 2013 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулахыг мөн даалгажээ.

Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан байна. Журмаар хүүхдийн мөнгө авах иргэний хүсэлтийг хэрхэн хүлээн авч хянан шийдвэрлэх, хүүхдийн мөнгө олгох асуудлыг журамласны зэрэгцээ ямар тохиолдолд мөнгө олгохыг зогсоохыг ийнхүү журмаар тогтоож өгсөн байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2012 оны 10 дугаар сарын 19
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл