Цэс

Холбоо барих

ХЗБХ: ХЭҮК-ын 5 гишүүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх Тамгын газартай байх саналуудыг дэмжлээ


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.15) хуралдаан 16 цаг 53 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. 

Ажлын хэсэг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, нэр томьёоны талаарх найруулгын засвар болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусгажээ. Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг танилцуулсан.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 1 дүгээр зүйлд “2.5 ноцтой хохирол, хор уршиг учруулж;” гэсэн заалт нэмж, төсөл дэх 2.5 дахь заалтын дугаарыг 2.6 болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

    Дараа нь Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулсан юм. 

    Хууль санаачлагч оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг зэргийг төсөлд тусгасан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж өгснөөс гадна хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцооны хүрээнд хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субьект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлсон байна. Ийн зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томьёолсон болохыг Н.Оюундарь гишүүн танилцуулав.


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, хуулийн төслийн нэрийг “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” гэснийг “Оюуны өмчийн тухай" гэж өөрчлөхийг, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “ёс” гэснийг “зан” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “бүтээлийн санд” гэснийг “мэдээллийн нэгдсэн санд” гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн “өмч” гэснийг “өмчийн эрх” гэж, 7.1 дэх хэсгийн “өмчид” гэснийг “өмчийн эрхэд” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүчнлэн төслийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгийг нэгтгэн “7.3.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зүйлийг бүртгэж патент, 7.1.4, 7.1.5-т заасан зүйлийг бүртгэж гэрчилгээ тус тус олгоно.” гэж дурдсанаар өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн төслийн 25 дугаар зүйлийг, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсгийг тус тус хасахыг дэмжсэн юм. 

    Ийнхүү нэгбүрчлэн санал хураалт явуулсны дараа энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 


    Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан байна. Хүний эрхийн Үндэсний Комисс нь улсын төсвөөс санхүүжигдэх бөгөөд комиссын дарга төсвийн төслийг Улсын Их Хурлын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Комисс таван гишүүнтэй байх, жендэрийн тэнцвэрийг харгалзах, мөн эрүү шүүлт хариуцсан гишүүнтэй байх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, үндэсний үйл ажиллагаа хэмээх бүлэгт уг үйл ажиллагааг эрхэлсэн гишүүний чиг үүрэг бүхий бүрэн эрх, түүнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэшсэн нэгжийн тухай тодорхой тусгах нь оновчтой хэмээн холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна. Комиссын гишүүний сонгон шалгаруулахдаа Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулан, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг явуулах бөгөөд хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэдээс сул орон тоогоор нэр дэвшүүлнэ гэж, ийнхүү нэр дэвшсэн иргэнийг Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна. Комиссын ажлын албаыг Тамгын газар болгох гэх зэрэг асуудлыг төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 23, найруулгын шинжтэй 2, дагасан хуулийн төслийн талаарх 1 саналыг тус тус бэлтгэн томьёолсон байна. 


    Ажлын хэсгийн ахлагчийн уг танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийг “8.1.Комисс үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

8.1.1. хүний эрх, эрх чөлөөг дээдлэх;

8.1.2. хүртээмжтэй байх;

8.1.3. шудрага, ил тод байх;

8.1.4. хараат бус, бие даасан байх.” хэмээн өөрчлөн найруулахыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжив. Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “гурван гишүүнтэй” гэснийг “таван гишүүнтэй” гэж өөрчилж, 12.3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын” гэснийг хасаж, 12.4 дэх хэсгийн “Байнгын хороонд” гэсний өмнө, 12.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийн “Байнгын хороо” гэсний өмнө “Хууль зүйн” гэж тус тус нэмэх нь зүйтэй хэмээн гишүүд дэмжлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан шийдвэрлэсэн. 


    Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл