Цэс

Холбоо барих

“Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт уралдааны шилдэг бүтээлүүдийг тодрууллаа

    1992 онд баталсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль болон 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж мөрдөх, дээдлэн хүндэтгэх үзэл санааг нийт нийгэм, иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан юм.


    Тус уралдааны дүнг өнөөдөр танилцуулж, шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.01.13) Төрийн ордны “В” танхимд боллоо. 

    Ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож буй бөгөөд энэ хугацаанд сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд Үндсэн хуулийг ач холбогдлыг сурталчлах, түүнд нэмэлт, өөрчлөлтийг өргөн мэдүүлэхээс эхлэн төслийн бүрэн эх, төслийг хэлэлцэн батлах түүхэн үйл явдлын үе шат бүрийг олон нийтэд түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар энэ үеэр онцлон хэлсэн. 

    2019 оны 12 дугаар сарын 20-иос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд зарласан энэхүү уралдаанд телевиз, сонин, цахим сайтын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, Төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд зэрэг нийт 46 оролцогч 12 нэвтрүүлэг, 36 нийтлэл, нийт 48 бүтээл ирүүлсэн болохыг тэрбээр танилцуулав. 

    Уралдаанд оролцогчдын 34 нь сэтгүүлч нийтлэлч, 5 нь эрдэмтэн судлаач, 7 нь иргэд юм. Сэтгүүлч, уран бүтээлчдээс гадна Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат Д.Моондой, мөн шинэ Үндсэн хуулийг батлалцсаны зэрэгцээ 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ажлын дэд хэсгийг ахалж ажилласан Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан судлаач Ц.Товуусүрэн, хөдөө орон нутгаас Архангай аймгийн Цахир сумын иргэн Л.Ганхуяг, Гомьсүмбэр аймгийн иргэн П.Баярхүү, залуу судлаач Э.Сундуй, М.Бөртө-Үжин, П.Баттулга, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд таниулж сурталчлах, иргэдийн оролцоог хангахад өөрсдийн идэвх санаачилгаар хувь нэмрээ оруулж ажилласан “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын залуус уралдаанд зориулж нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж ирүүлсэн байна. 

    Шилдэг нэвтрүүлэг, нийтлэлийг шалгаруулах комисс 2020 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд ажиллаж, уралдаанд ирүүлсэн нэвтрүүлэг, нийтлэл нэг бүрийг болзолд заасан үндсэн шалгуур, шаардлагын дагуу нягталж үзсэний үндсэн дээр дараах бүтээлүүдийг шалгаруулахаар шийдвэрлэжээ.

    Энэхүү уралдаанд сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн судлаач, иргэд идэвхтэй оролцож, олон сайн бүтээл ирүүлсэн тул шалгаруулалт хийхэд амаргүй байсныг С.Батбаатар дарга тэмдэглээд “Иймээс уралдаанд оролцогчдын идэвхийг харгалзан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр телевиз, сонин сайтын бүтээлүүдэд тус бүр нэг тусгай байрын шагнал нэмэхээр болсон” хэмээгээд уралдааны дүнг танилцуулсан юм. 


    Телевизийн шилдэг нэвтрүүлгийн төрөлд МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэлийн бүтээл шалгарч, Өргөмжлөл, 3.000.000 төгрөгийн шагнал гардан авсан бол “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын бүтээл 2 дугаар байрт шалгарч Өргөмжлөл, 2.000.000 төгрөгийн шагнал авлаа. Тус төрлийн 3 дугаар байрт МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Үүлэнсолонгын бүтээл шалгарч, Өргөмжлөл 1.000.000 төгрөгөөр шагнууллаа. Тусгай байрт ТВ-5 телевизийн сэтгүүлч Ш.Бат-Эрдэнэ, tug.mn сайтын сэтгүүлч Б.Ариунтуул нарын бүтээл тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан. 

    Шилдэг нийтлэлийн төрлийн тусгай байрт сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр, судлаач П.Баттулга нарын бүтээл шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн юм. Сонин, сайтын шилдэг бүтээлийн төрлийн 3 дугаар байрт “Монголын үнэн” сонины сэтгүүлч М.Өнөржаргалын “Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын нийгмийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” ярилцлага шалгарсан бол “Ардчилал таймс” сонины сэтгүүлч П.Батзаяагийн “Үндсэн хууль бид хоёрын “давхар дээл” нийтлэл 2 дугаар байрт шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа. Энэ төрлийн шилдэг бүтээлээр 24tsag.mn сайтын сэтгүүлч С.Гандөлийн “Алганд багтсан” Монгол Улсын шинэ дүрэм” нийтлэл шалгарч, Өргөмжлөл, 2.000.000 төгрөгийн шагнал хүртлээ.


    Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох нар гардуулж баяр хүргэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл