“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжиллээ.
Нэгдүгээр салбар хуралдаан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл” сэдвийн хүрээнд болов.
Тус салбар хуралдаанд илтгэл тавьсан илтгэгчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүрийн агуулга, ач холбогдол болон засаглал хоорондын хяналт, тэнцлийг хангах олон улсын жишиг туршлагуудын талаар харьцуулан танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалыг хөндөхгүйгээр 2000 оны “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг хэсэгчлэн болон бүрэн сэргээсэн. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийн зарчмыг хангасан чухал үйл хэрэг болсныг илтгэгчид онцолж байлаа.
Мөн сүүлийн гурван парламент дамжиж яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтвортой төрийн бодлогыг хэрэгжүүлж, эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах томоохон өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийж чадсаныг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байсан юм.
Үндсэн хуулийн үг үсэг бус үзэл санааг нь хууль тогтоогчид баталж буй хуулиараа, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр засаж, залруулж, хөгжүүлдэг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тунхаглалын чанартай үлдээхгүйн тулд түүнийг дагалдан гарах бусад салбар хуулиудад нэгдсэн концепцтой нарийвчилсан зохицуулалтыг тусгах хэрэгтэйг санууллаа.
Тухайлбал, хүний эрхийг хангах, УИХ-ын гишүүдийн ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, Засгийн газрын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрх мэдэл хоорондын хяналтын тогтолцоог тодорхой болгох зэрэг асуудлыг оролцогчид хөндөж, саналаа хэлсэн юм.
Нэгдүгээр салбар хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цаашид гарах Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Төсвийн тухай, Төрийн аудитын тухай зэрэг голлох органик хуулиуд болон бусад хууль тогтоомжид тусгах санал, зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.
Уг зөвлөмжид дөрвөн үндсэн багц асуудлыг тусгасан. Үүнд,
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Төсвийн тухай, Төрийн аудитын тухай болон холбогдох бусад хууль,
Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Сонгуулийн тухай, Хууль тогтоомжийн тухай болон холбогдох бусад хууль,
Засгийн газрын тухай болон холбогдох бусад хууль, Ерөнхийлөгчийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад зарчим, үзэл баримтлалын хүрээнд баримтлах зөвлөмжийн саналыг тусгасан юм.
Хоёрдугаар салбар хуралдаан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Шүүх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Нутгийн удирдлага” сэдвээр болов.
“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Шүүх эрх мэдэл” сэдвээр илтгэл тавьсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан илтгэлдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд шүүх эрх мэдлийн шинэчлэлтэй холбоотой тусгасан зохицуулалтыг танилцууллаа. Мөн дагалдаж гарах органик хуулиудад оруулах өөрчлөлтийн төслийн талаар саналаа танилцуулав.
Үндсэн илтгэлтэй холбогдуулан Шүүхийн захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг тал бүрээс нь хөндөж хэлэлцээд гүйцэтгэх эрх мэдлийн болон улс төрийн хамааралгүйгээр энэхүү таван гишүүнийг бүрдүүлж, боломжтой гэж үзвэл томилгооны зөвшилцөл хийх комиссыг байгуулан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орохоос өмнө томилгооны сонсгол хийснээр нийт гишүүний гуравны хоёрын саналаар томилох тухай санал давамгайлж байв.
Мөн Шүүхийн захиргааны байгууллагыг цаашид ямар загвараар явуулах, Шүүхийн сахилгын хороог буюу шүүгчид хариуцлага тооцдог механизмыг улс төрөөс хамаарал багатай хэрхэн байгуулах вэ гэдэг талаар оролцогчид саналаа хэлж, асуулт асуун, асуултад хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар болон бусад панелистууд хариулт өгөв.
Хэлэлцүүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цаашид шинээр гаргах шүүхийн тухай хуулиудад тусгах саналыг зөвлөмж хэлбэрээр гарган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үргэлжлүүлэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Нутгийн удирдлага” сэдвээр болов.
Энэ сэдвээр үндсэн илтгэлийг Улсын бага хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн танилцуулж, илтгэлдээ нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг онцлон танилцуулав. Энэхүү үндсэн илтгэлийн хүрээнд оролцогчид саналаа хэлж, асуулт асуун, асуултад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа болон бусад панелистууд хариулт өгөв.
Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цаашид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэл Улаанбаатар хотын тухай хуулиудыг шинэчлэн найруулах, Орон нутгийн өмчийн удирдлага болон хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг тогтоохтой холбогдон гарах бусад хууль, тогтоомжийг боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд өгөх зөвлөмжийн төсөл боловсруулан, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.