Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд заллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2020.01.13) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд заллаа.



Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.



УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөсөн. Энэ удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ.

Түүнчлэн үндэсний зөвшилцлийн тунхаг гэж хэлж болох дээд баримт бичиг учраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажилласан. Иргэд олон нийт болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, парламентад суудалтай Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнээс ирүүлсэн санал УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд давхацсан, нэг утга санаатай заалтууд олон байлаа.  Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна.

Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах, байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, ашиглалт, зарцуулалт нь тэдний нийтлэг ашиг сонирхлыг ханган, тэгш, шударга хуваарилагдах, Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Шүүхийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 28 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна” хэмээн цохон тэмдэглэв.


Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардууллаа.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр  байршуулан залах ёслол үйлдсэний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат үг хэллээ.


Тэрбээр, “Монгол Улсын шинэ Үндсэн хууль монголчууд Та бидний сонгон авсан төрийн ардчилсан, эрх зүйт тогтолцооны үндэс суурь болон батлагдсан бөгөөд энэхүү үнэт зүйл, түүний үндсэн зарчим, мөн чанарыг сахин хамгаалах шаардлагаар Үндсэн хуулийн цэц 1992 онд анх удаа байгуулагдсан билээ.

Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульт ёсыг дээдлэн ухамсарлуулах, Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээг чандлан сахиулж хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд Үндсэн хуульт ёсыг чандлан сахиулж, хамгаалах, Үндсэн хуулиа дээдлэн хүндэлж, сахин мөрдөх ухамсрыг төрийн алба болон ард иргэддээ төлөвшүүлэх чиглэлээр олон чухал шийдвэр гаргаж, өөрөө ч төлөвшин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Хууль дээдлэх” нь Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим болон туссан. Хуульд захирагдсан төрийн оршин тогтнох үндэс болсон энэхүү тулгуур зарчим нийгмийн амьдралын бүх хүрээнд бүрэн утгаараа хэвшин тогтоход, байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх манлайлалд Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасан нь шийдвэрлэх үүрэгтэй юм.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хадгалуулдаг хуультай, төрийн уламжлал тогтсон билээ” гэв.


УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 35 заалтыг хөндсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл