Цэс

Холбоо барих

Шүүхийн багц хуулиар зохицуулсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.10) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг уг хуульд нийцүүлэн зохицуулах шаардлага үүсээд байна. Иймээс шүүхийн багц хуулиудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, түүнчлэн Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр", Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлзх үүднээс Улсын Их Хурлаас 2012 онд батлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хийсэн хэрзгжилтийн үр дагаврын үнэлгээнд дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ.


Ингэхдээ хууль тогтоомжийг хэрэглээ болон тогтвортой байлгах үүднээс эдгээр дөрвөн хуулиар зохицуулсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг шинээр тусгажээ. Үүнд:

-Шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг 2 жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, энэхүү зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгажээ. Зөвлөл нь үйл ажиллагааныхаа болон төлөөлөгч сонгох журмыг батлах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Мэргэшлийн болон Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчийг сонгох, эгүүлэн татах, Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох, шүүгчдийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэх, зөвлөмж гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээс санал, эсхүл бусад шүүхийн Ерөнхий шүүгчдийн олонхын саналаар уг Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зохион байгуулж болохоор, зөвлөлийн хуралдаанд сонгогдсон шүүгчдийн талаас илүү нь оролцвол хүчинтэйд тооцохоор, мөн шүүгч биеэр оролцох боломжгүй тохиолдолд цахимаар санал өгч оролцох боломжоор хангах, зөвлөлийн хуралдааны зохион байгуулалтын асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахаар тус тус тусгажээ.

-Анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг тусгажээ.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгож тусгалаа. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүхээс сонгох таван гишүүдийг Шүүгчдийн зөвлөлөөс нууцаар санал хураан сонгох, бусад таван гишүүдийн тухайд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос гурвыг, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттзйгээр зохих журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж томилохоор тус тус тусгав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүгчдийн зөвлөлөөс сонгон шалгаруулж сонгож, томилохоор, ингэхдээ Шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон 3 шүүгч болон Хууль зүйн байнгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс томилогдсон тус бүр 1 гишүүн орон тооны, бусад 5 гишүүд нь орон тооны бус байхаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг орон тооны гишүүдээс нууц санал хураалтаар гишүүд дотроосоо олонхийн саналаар сонгохоор, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхаар тусгажээ. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллуулах, бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүд нь шүүгчээр таваас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүд нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, улс төрийн намын удирдах албан тушаал сүүлийн 5 жил хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байхаар тус тус тавих шаардлагыг тодорхойлсон.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгон тусгалаа. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, улсын хэмжээнд нэг байхаар зохицуулж, одоогийн практикт үүссэн шүүгчийн ёс зүйн зөрчлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн ёс зүйн хороо, Монголын Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны аль алинд нь хандан шийдвэрлүүлэх боломжийг бий болгосон маргааны харьяаллын давхардлыг арилгаж, бие даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороогоор шийдвэрлэж байх зохицуулалтыг тусгав.

Шүүхийн сахилгын хороо 9 гишүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хадгалж, харин Шүүхийн сахилгын хорооны эдгээр есөн гишүүнд Шүүгчдийн зөвлөлөөс 4, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 3, Ерөнхийлөгчөөс 1, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс 1 хүнийг тус тус сонгож, томилохоор, Шүүгчдийн зөвлөл, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс сонгож, томилсон тус бүр нэг гишүүн орон тооны, бусад нь орон тооны бус байхаар тусгалаа.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны туршлагатай, эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, шүүгч, хуульчаас бүрдэхээр хуульчилж, бүрэн эрхийн хугацааг 4 жил, нэг удаа улируулан сонгож болохоор тусгав.

-Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 4 жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар, мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмжээ. Мэргэшлийн хорооны 6 гишүүн нь Улсын дээд шүүх болон давж заалдах шатны шүүгч байхаар, тэдгээрийг Шүүгчдийн зөвлөлөөс сонгож, Шүүхийн ерөнхий зөвлөлд санал болгохоор, Мэргэшлийн хорооны бусад гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж томилохоор тус тус тусгажээ.

-Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлзэлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгон зохицуулжээ. Тухайлбал, Сахилгын хороо иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг 60 хоногийн дотор шалгаж, хянан шийдвэрлэхээр, ингэхдээ илтгэгч гишүүн гомдол, мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгаж, сахилгын хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай асуудлыг шийдвэрлэсэн захирамж гаргахаар, гишүүний гаргасан захирамжийг хэргийн оролцогчоос эс зөвшөөрсөн гомдлыг Сахилгын хорооны хуралдаанаар илтгэгч гишүүнээс гадна 5 гишүүний ирцтэйгээр хуралдаж сахилгын хэрэг, гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж магадлал гаргахаар тусгажээ. Харин Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Улсын дээд шүүх танхим харгалзахгүйгззр 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд бүрэлдэхүүнийг нийт шүүгчдээс тохиолдлын журмаар Ерөнхий шүүгч сонгож томилохоор зохицуулжээ.

-Түүнчлэн Шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгож тусгасны зэрэгцээ шүүхийн эдийн засгийн баталгааг хангах үүднээс шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд байлгахаар зохицуулжээ. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож өгсөн байна.

-Шүүх эрх мэдлийг мэргэшсэн, тогтвортой байлгах үүднээс шүүгчид тавих болзол, шаардлагыг өндөрсгөж, давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчээр 6-аас доошгүй жил ажилласан байхаар, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч шүүгчээр 10 жил, эсхүл өмгөөлөгч, прокурорын аль нэгээр дагнан 10-аас доошгүй жил ажилласан байхаар, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчээр 10 жил ажилласан байхаар өөрчилж тусгажээ. Түүнчлэн Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 3 жилийн хугацаагаар сонгож, 1 удаа улируулан томилж болохоор, танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилж, чөлөөлөхөөр тусгажээ. Мөн шүүгчээр томилогдон тангараг өргөхдөө Монгол Улсын Үндсэн хуульд өргөх агуулгыг төсөлд шинээр тусгасан байна.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан хууль хүчингүй болсонд тооцох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 20 шахам хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрх улам бүр баталгаажна гэж Засгийн газар үзэж байгааг төслийн танилцуулгад дурдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл