Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.04.15) үдээс хойш цахимаар хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй явж иржээ.
Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа аж.
Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив
Дараа нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Ингээд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар, нууцаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.