Цэс

Холбоо барих

НББСШУБХ: Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал дэмжигдлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.04.08/ “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, дэлхий нийтийг хамарсан “COVID 19” цар тахал дэлхийн 212 оронд бүртгэгдэж, 1.4 сая хүн халдвар  авч, 82.7 мянган хүн амиа алдаад буйг тодотгоод, ДЭМБ-аас Монгол Улсыг эрсдэл өндөртэй улс гэж зарласан онцгой цаг үед Засгийн газраас шат дараалсан арга хэмжээнүүдийг шуурхай авч чадсаныг онцолсон. Байнгын хорооны дарга, Монгол Улс дотроосоо халдвар гараагүй цөөхөн улс орны тоонд багтаж байгаа нь эрүүл мэнд, онцгой байдлын чиглэлээр ажиллаж буй төрийн бүхий л байгууллагын албан хаагчдын зүтгэлийн үр дүн хэмээгээд Засгийн газар болоод цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдад Байнгын хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан.

Гишүүд цар тахлын онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын болоод төрийн бусад тусгай албан хаагчдад илүү цагийн мөнгө, урамшуулал олгогдож буй эсэхийг тодруулж байлаа. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хэчнээн хүн хандаад байгаа, 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хэдэн хүнд олгох, тэрхүү 200 мянган төгрөгийн дэмжлэгийг ажилтанд өгөх үү, ажлын байр хамгаалж байгаа ажил олгогчид өгөх үү гэдгийг лавласан. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хэчнээн аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Онцгой байдлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдал болон бусад төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг хэвийн олгон ажиллаж байгаа. Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нар төрд ажилласны удаан жилийн нэмэгдэл авах болсон бөгөөд дунджаар 5-25 хувийн нэмэгдэл авч эхэлсэн. Энэ нэмэгдлийг олгоход 140 гаруй тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан. Түүнчлэн дээрх ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгохоор Засгийн газрын шийдвэр гаран ажиллаж байгаа гэлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гурван сарын хугацаатай сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгөхөөр тогтоолын төсөлд тусгасныг сайд С.Чинзориг онцлоод, ингэснээр үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраа цомхотгохгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байгаа хэмээлээ. Энэхүү мөнгийг ажилтанд олгох уу, ажил олгогчоор дамжуулж олгох уу гэдгийг Ажлын хэсгийн түвшинд ярилцан шийдвэрлэх боломж бий гэв.

Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон гэсэн мэдээллийг өгсөн.

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч буй иргэдийн тоо бага зэрэг өссөн. Гэхдээ өмнөх оны эхний гурван сартай харьцуулахад огцом өссөн зүйл байхгүй гэж сайд мэдээллээ.

Тэрбээр, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоол, холбогдох хуулиудын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч хамаарна. Хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана. Нийтдээ 800 гаруй мянган иргэн байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь  хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа юм гэсэн хариултыг өгсөн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төсөлд сайн дурын даатгуулагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тогтоолын төслийн 1 дэх заалтын 3/б-д заасан 200,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “… сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.” гэж заасны дагуу аж ахуйн нэгжээс олгох 60 хувийн дүнд тооцох, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа энэ цар тахал (COVID-19)-ын өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд хариуцлагатай, алдаагүй, бүрэн хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг санал гаргасан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл