Цэс

Холбоо барих

Инфографик: Монгол Улс, Оросын Холбооны улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 


    Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцааны эрх зүйн үндсийг Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд 1921 онд байгуулсан найрсаг харилцаа тогтоох тухай гэрээгээр анх тавьж, дипломат харилцаатай болсон. Түүнээс хойш хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, стратегийн түншлэл тогтоож, дээд, өндөр дээд хэмжээнд айлчлал хийж иржээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 01 дүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын хооронд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулснаар өнөөгийн харилцааны эрх зүйн үндэс бий болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч ирсэн. Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн 2009 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан билээ. Үүгээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг анх ОХУ-тай тогтоосон бөгөөд энэ нь манай улсын бие даасан гадаад бодлого, хоёр талын харилцаандаа өгч буй ач холбогдлын илэрхийлэл болсон юм.

    Монгол Улс ОХУ-тай хөгжиж буй харилцааны өнөөгийн түвшин болон Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох үүднээс ОХУ-тай “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоох зорилго тавьж улмаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар гарын үсэг зурсан. 

    Гэрээнд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй, эпидемиологи болон харилцан сонирхсон бусад салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацааны үндсэн дээр хөгжүүлэхээр тусгасан. Гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд дээр дурдсан салбараас гадна терроризм болон үндэстэн дамнасан бусад гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн туслалцаа, НҮБ болон олон улсын бусад байгууллагын, түүнчлэн бүс нутгийн хүрээнд хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах эрх зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг дэмжихээр заасан.

    Гэрээг соёрхон батлахаар заасан бөгөөд соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, түүх, соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ. 

ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл тогтоож байгаатай холбогдуулан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын 1993 оны гэрээний үйлчлэл дуусгавар болно.

    “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр бусад гэрээ байгуулна. Уг гэрээ нь хоёр улсын олон болон хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй. 

Улсын ИХ Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл