Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй гурван санал гаргав

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.22/ хуралдаан 14.30 цагт 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй.


Эхлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд –ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар  асуулт асууж, асуултад УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч С.Бямбацогт болон Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр нар хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын тавьсан хуулийн төслийн 70-80 хувь нь эдийн засгийн холбогдолтой учир Ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс түлхүү оруулах, мөн дэд ажлын хэсэгт хуучнаар Төлөвлөгөөний комисс зэрэг байгууллагад ажиллаж байсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн судлаачид, эрдэмтдийг  оруулах хүсэлтэд төсөл санаачлагч С.Бямбацогт эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн гаргасан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үр дүнд энэ хуулийн төслийг хэлэлцэж байгааг тодотгов.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг олон талаас нь авч үзэж, шуурхай хэлэлцэж байгааг тэмдэглээд төрийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоогүй байдлыг арилгаж, хөгжлийн цогц бодлогыг баримтлах талаар саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Монгол Улс социализмын үед хөгжилөө тав таван жилээр төлөвлөж, гүйцэтгэлийг таван жилээр дүгнэдэг байсан гээд энэ  хуулийн төсөлд хөгжлийн асуудлыг хугацааны хувьд ямар төлөвлөлттэй байхаар оруулсан талаар болон төрийн ямар статустай байгууллага хөгжлийн бодлого, төлөвлөлтийн ажлыг авч явахаар тусгасныг тодруулж, төсөл санаачлагч С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн яамтай байж, түүнийг хариуцсан сайд нь Монгол Улсын Шадар сайд байхаар хуулийн төсөлд тусгасныг хэлэв. Түүнчлэн, хөгжлийн төлөвлөгөөг  хугацааны хувьд урт хугацааны хөгжлийн бодлогыг 11-30 жилээр төлөвлөж, Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ батлахаар, харин дунд хугацаанд 10 жил, богино хугацаанд 4, 5 жилийн хугацаатай хөгжлийн бодлого, төлөвлөгөөг төрийн залгамж чанарын үндсэн дээр хэрэгжүүлэхээр тусгасныг хэллээ.


УИХ-ын гишүүн Б.Жавхлан Засгийн газрын бодлогын залгамж шинж чанар байхгүйгээс болоод  хөгжлийн бүх төлөвлөлтүүд тасардаг. Энэ төсөлд хөгжлийн төлөвлөлт Засгийн газар дээрээ очоод урт хугацаанд тасралтгүй хэрэгжих ямар баталгааг яаж хангаж, холбож өгч байгааг асуув. Төсөл санаачлагч С.Бямбацогт бидний хамгийн том алдаа төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж чадаагүй, сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн Засгийн газар болгон өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөрөөр ажиллана гэж өмнөх бодлогоо үгүйсгэдэг зарчимаар явж ирсэн. Энэ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээгүйтэй холбоотой. 1992 оны Үндсэн хуулиндаа ч зах зээлийн чөлөөт өрсөлдөөнөөр эдийн засаг хөгжих ёстой гэдэг суурь зарчимыг хийж өгсөн. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна, Улсын хөгжлийн бодлогод нийцүүлж урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийг хийнэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг уялдуулж гаргана. Хэрвээ нийцэхгүй байх юм бол  Үндсэн хууль зөрчсөн гэж хариуцлага тооцохоор зохицуулалт Үндсэн хуульд оруулж өгсөн. Үндсэн хуулийг амь оруулах гэж энэ хуулийн төслийг оруулж ирсэн хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан суурь бодлого, суурь төлөвлөлт гэж чухам юу болохыг нэмж тодруулсанд төсөл санаачлагч С.Бямбацогт хөгжлийн суурь бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого  болох “Алсын хараа 2050”, харин энэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, өөрчлөх, үр дүнг үнэлэх, хариуцлага тооцох вэ гэдгийг энэ хуулийн төсөлд хийж өгч байгаа талаар хариуллаа.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хууль биелүүлээгүй тохиолдолд хариуцлагын яг ямар тогтолцоо хэрэгжихийг асуув. Төсөл санаачлагч С.Бямбацогт хөгжлийн бодлогуудыг Засгийн газар, орон нутаг түвшин түвшиндээ хэрэгжүүлнэ.  Зохицуулах үйл ажиллагааг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам буюу Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн төрийн захиргааны төв байгууллага хариуцана. Хөгжлийн бодлогод нийцүүлж Засгийн газар бүх ажлаа төлөвлөнө. Энэ төслийн 9 дүгээр зүйлд хариуцлагын талаар маш тодорхой заалт оруулсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж болно гэсэн заалт байгаа. Албан тушаалтанд ч хариуцлага тооцох заалт бий гэсэн агуулгаар хариулт өглөө.


Асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдийн гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.

УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Жавхлан нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналаа тайлбарлалаа.   

УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн төсөл дэх Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам гэснийг Үндэсний хөгжлийн яам гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь гишүүдийн дэмжлэг авсангүй. Мөн тэрээр хуулийн төсөл дэх Монгол Улсын Шадар сайд гэсний дараа Үндэсний хөгжлийн сайд гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь олонхын дэмжлэг авсангүй.   

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийн 21.1 дэх хэсгийн Засгийн газар гэснийг Үндэсний аудитын газар гэж өөрчлөх санал гаргаж, саналаа тайлбарлав.

Тэрбээр, Засгийн газар өөрөө өөрийнхөө ажилд үнэлгээ, дүгнэлт гаргадаг байж таарахгүй. Засгийн газар зөв зам дээрээ явж байна уу гэдгийг хамгийн сайн хянаж чадах хөндлөнгийн институци нь Үндэсний аудитын газар байж болно. Энэ ажлыг Үндэсний аудитын газарт оногдуулах нь зөв болов хэмээн тайлбарлан, санал хурааснаар гишүүдийн олонх нь  саналыг дэмжлээ.

Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг  Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болов.

Дараа нь Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.  


Байнгын хорооны хуралдаанд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Тамгын газрын дарга Цэвэгдорж нарын албан тушаалтнууд оролцов.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа тус хорооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайланг гишүүдэд урьдчилж ирүүлсэн учир 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа онцолж товчхон танилцуулсан юм.  

Тэрээр танилцуулгадаа, Үндэсний статистикийн хороо нь 2019 онд мэдээллийн технологийг ашиглан төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангуудыг уялдуулах, сангуудын мэдээллийг тулгах ажлыг хийсэн. Үүний үр дүнд мэдээллийн зөрүүтэй байдал арилж, албан ёсны статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдал сайжирсан. Түүнчлэн статистикийн мэдээлэл цуглуулах шат дамжлага цөөрч, давхардалгүй болж, мэдээлэл боловсруулах хугацаа богиносож, хэрэглээ ашиглалт нэмэгдэж байна. Тооллого, судалгаа мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд зориулж 17 программ шинээр бичиж, 22 программд нэмэлт засвар, өөрчлөлт хийсэн.

Статистикийн байгууллагын дэд бүтэц болох “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон “Бизнес регистрийн мэдээллийн сан”-г төрийн бусад мэдээллийн сангуудтай тулган шалгаж, зөрүүг арилгаж шинэчиллээ.

Байнга өөрчлөгдөж буй мэдээллийн хэрэгцээг бүрэн хангах, олон улсын жишигт нийцсэн, чанартай статистикийг хөгжүүлэхэд анхаарч, олон улсад нийтлэг мөрдөгдөж буй статистикийн арга зүйг судалж, үндэсний онцлогт тохируулан боловсруулж байна.

Мэдээлэл тархаалтын систем буюу статистикийн мэдээллийн нэгдсэн сан, статистикийн аргачлал арга зүйн мэдээллийн сан, тооллого, судалгааны каталог, тооллогын мэдээллийн сан, хүн ам зүйн үндэсний атлас зэрэг системүүдийг ашиглан тархаалтын бүтээгдэхүүнийг бэлтгэн гаргаж, хэрэглэгчдэд сурталчлан таниулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, байгууллагын цахим хуудас www.nso.mn, 1900-1212 лавлах утас зэрэг харилцааны хэрэгслээр хэрэглэгчдэд үйлчилж байна.

Түүнчлэн 2019 онд хоёр талт болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийг зохицуулах зэргээр гадаад харилцаагаа хөгжүүллээ. Мөн донор болон хөгжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааг статистикийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлэн ажиллав. Статистикийн чиглэлээр гадаад, дотоодод зохион байгуулсан 113 сургалт, семинарт төв, орон нутгийн болон төрийн бусад байгууллагуудын давхардсан тоогоор 956 ажилтныг хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлснийг онцоллоо.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.  

Асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд  Үндэсний статистикийн хороог боломжийн түвшинд, сайн ажиллаж байгаа талаар тэмдэглэж байв.  

Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл