Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.04.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хуулийн төслийн талаарх танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг үдээс өмнөх хуралдаанд танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар бүтээн байгуулалтын ажилд оролцох барилга, инженерийн цэргийг хэрхэн бэлтгэх, бусад орны туршлага ямар байдаг, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргүүд хэдэн төгрөгийн цалин авах, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргүүд 2-3 жилээр алба хаах бололцоо бий эсэхийг тодруулсан.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб бүтээн байгуулалтыг дэмжих нэгж гарган ажиллаж, томоохон бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг оролцуулахаар сургалт явуулан, мэргэшсэн ажилтан бэлтгээд явж байгааг хариултынхаа эхэнд дурдсан. Бусад улс орнуудад, тухайлбал АНУ, манай хойд, урд хөршид мэргэшсэн цэргийн албан хаагчид барилгын, инженерийн мэргэжлийн томоохон бүтээн байгуулалтад том хувь нэмэр оруулж явааг сайд дурдаад, манай улсын хувьд сүүлийн хоёр жилд хүнээ мэргэшүүлж бэлтгэхэд ихээхэн ахиц гарсныг онцолсон. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд дайчлагдан ажиллах хүмүүсийг бэлтгээд байгаа гэлээ.
Сангийн болон Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргийн албан хаагчид өдөрт 70 хүртэл мянган төгрөгийн цалин авах эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд тухайн гүйцэтгэж буй ажлын нийт өртгөөс цэргүүдийн авах цалингийн хэмжээ шалтгаална хэмээлээ. Бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн хүмүүстэй гэрээ байгуулж, цалин хөлсийг тохирон оролцуулж байгаа аж. Тиймээс мэргэшсэн хүмүүс хийж буй ажлаасаа шалтгаалан өндөр цалин авах боломж бий гэж сайд хэллээ. Бүтээн байгуулалтад мэргэшлийн ахлагч нараас гадна хугацаат цэргийн албан хаагчдыг сурган ажиллуулж байгаа бөгөөд гэрээт цэргийн албан хаагч хугацаагаа сунгаад хэдэн жил ч ажиллаж болно гэсэн хариултыг өгсөн.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав.
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөл байдал нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн түвшинд хүрээд байна.
Дээр дурдсан нөхцөл байдалд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа дурдсан.
Шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолжээ.
Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулан, Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт оруулахаар тусгажээ.
Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдпага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулсан аж.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж тусгаснаас гадна Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгажээ.
Хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно хэмээн хууль санаачлагч үзжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд онцгой нөхцөл байдал, гамшгийн үед улсын онцгой комисс нэг сувгаар мэдээлэл өгдөг байх, гамшгийн нөхцөл байдлын үед гарсан шийдвэр, шаардлагыг биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох, онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээний талаар хөндөн байр сууриасилэрхийлсэн. Эцэст нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг 50 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын зорилт, чиг үүрэг, Улсын Их Хурлын бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгажээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргыг өөрчлөн найруулж, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасанаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгожээ.
Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж, Улсын Их Хурлын даргыг сонгох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгосон хэмээн танилцуулгад дурдлаа.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэн найруулж, хянан шалгах түр хороог хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг арга хэрэгсэл ашиглан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, түр хорооноос гаргасан тайлан шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх зарчмыг хуульчилжээ.
Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 37, 39 дүгээр зүйлийг боловсронгуй болгож шинэчлэн найруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтанд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээлгэж, уг үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтан Улсын Их Хуралд санаатайгаар худал мэдээлэл өгсөн нь парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр үүрэгжүүлсэн байна.
Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгож өөрчилсөнтэй холбогдуулан намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралдахаар өөрчилж, Улсын Их Хурал нь анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгожээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад нь шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсвийн дүн шинжилгээ хийж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлтээр гишүүдийг хангаж ажиллахаар үүрэгжүүлсэн гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн эрх зүйн байдал, хянан шалгах түр хорооны талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа анхдугаар чуулган зарлан хуралдуулахтай холбоотойгоор төслийн зарим зүйл, заалтыг ажлын хэсэг анхаарч ажиллах нь зүйтэй гэж тус тус асуулт асууж, саналаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхийн өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөлд тусгаснаар УИХ-ын гишүүдийн эрх хумигдаж, сахилга хариуцлага дээшлэх, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага байх, гишүүд ард түмний элч төлөөлөгчийн үүргээ биелүүлэх үүрэг нь өргөжих агуулгатай болж байна.
УИХ-ын гишүүд томилох, томилогдох, төсөв санхүү батлах, хууль тогтоох гэсэн гурван эрхтэй байсан бол одоо хууль тогтоох, ард түмнээ төлөөлөх үндсэн шалгуурт нийцэж ажиллах болж байна. УИХ-ын гишүүн нэр дэвшигчийг сайдаар томилох эрх үгүй болж, дараа нь би сайдаар томилсон шүү гэсэн дарамт шахалт, яриа хөөрөө алга болно. Мөн санхүү төсөв батлахдаа өөрийн тойрог, аливаа бизнесийн салбарыг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтыг нэмдэг асуудал хязгаарлагдан цэглэгдэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Ингэснээр УИХ-ын гишүүнд цэвэр хууль батлах, хууль тогтоогчийн эрх мэдэл үлдэж байна. УИХ жудаг ёсыг эрхэмлэж, ард түмний засаглах эрхийг хангадаг үндсэн байгууллага болон төлөвшиж, төгөлдөрших үндэс суурийг энэ хуулиар тавьж байгаа юм. Энэ асуудлыг дараагийн хэлэлцүүлгийн үеэр анхаарч ажиллахыг чиглэл болгож байна” хэмээн мэдэгдсэн юм.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлээд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дотоодын тариаланчдаа дэмжиж импортоор оруулж байгаа тарвасын гаалийн албан татварыг 30 хүртэл хувиар тогтоох, мөн импортолж байгаа сармис, улаан лооль, өргөст хэмх гэсэн нэр төрөл бүхий бараанд 30 хүртэл хувиар гаалийн албан татвар тогтоохоор төслийн 1 дүгээр заалтад тусгагдсан барааны нэр төрөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолын холбогдох бүлэгт тусгагдаагүй тул төсөлд 1 дүгээр заалт болгон нэмэх саналыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Х.Болорчулуун нар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу Засгийн газар тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт заасан барааны албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлахыг Засгийн газарт даалгах асуудлыг төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн X Болорчулуун гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Цогтбаатар нар санал хэлсэн бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд өөрийн орны хүлээсэн үүрэг, хариуцлагаа эргэн харах ёстойг тодотгож байлаа.
Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн худалдааны байгууллагатай холбоотой асуудлыг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр анхаарч, гарах гарцыг судлах чиглэлийг өгч, Ажлын хэсэгтэй хамтран ажиллахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас хүссэн.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үргэлжлүүлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн "Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэрлэсэн шахмал түлшийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүнд хүрнэ гэж үзэж байна, харин хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асуусан. Тэрбээр агаарын бохирдол буурсан хэдий ч хүхэрлэг хийн хэмжээ өндөр байгааг дурдаад агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг бууруулахын тулд ямар арга хэмжээ авахыг тодруулсан.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, шахмал түлшний үйлдвэрлэлийг олон улсын стандартын дагуу явуулсныг онцолсон. Евро стандартад хүхэрлэг хийн хэмжээ 1 хувиас доош байх ёстой хэмээн заасан байдаг бол манай үйлдвэрлэж байгаа түлшин дэх хүхэрлэг хийн хэмжээ 0.8 хувь байгаа гэлээ. Гэсэн хэдий ч энэ хэмжээг илүү доошлуулах талаар судалгаа хийж, шахмал түлшний шинэ технологийг судалж байгаа гэж сайд мэдээлсэн. Цаашдаа технологийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахад ахиц гаргана хэмээн тэрбээр мэдэгдсэн.
Эцэст нь тогтоолын дагаж мөрдөх хугацаатай холбоотой гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.