Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцсэн.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ..." гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна..." гэж тус тус заасан.
Улмаар Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол баталж, хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах хуваарийг хавсралтаар баталсан. Уг хавсралтад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь дээр дурдсан асуудлуудыг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэсэн болно.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлогын баримт бичиг батлагдан гарах таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцрэх ач холбогдолтой гэж байлаа.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах нөхцөл бүрдэнэ. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдын хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, “Алсын хараа-2050” зэрэг хөгжлийн бодлогын үзэл баримтлал, баримт бичгүүдийн хуулийн төсөлд зохицуулсан эсэх, үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн төрийн захиргааны байгууллагын статусыг тодорхой тусгасан талаар тодруулж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар бодлогын баримт бичиг батлахын зэрэгцээ тайлагналт, дүгнэлтэд анхаарах шаардлагатайг тодотгосон бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэхдээ, Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн бодлого буруу биш хэрэгжүүлэгчид нь буруу байсныг тэмдэглэв.
Төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг бид баталсан. Дараагийн 30 жилийн хөгжлийн төлөвлөлтийг тусгасан “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцээд Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ Ажлын хэсэгт Байнгын хорооны дарга нар, улс төрийн намын төлөөллийн оролцоог хангаж “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд” дэвшүүлсэн зорилтуудаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод шингээж, уялдуулж, ганцхан бодлогын баримт бичигтэй болох зорилт тавьж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний хөгжлийг хангах урт хугацааны ганцхан баримт бичигтэй байж, үүнийгээ дунд, богино хугацааны хөтөлбөрүүдтэй харилцан уялдуулж баталдаг байхаар хуульчилж өгсөн гэв. Мөн тэрбээр, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт багтсан. Энэхүү хуулийн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байх бөгөөд энэ нь үндсэн чиг үүргийн яам байхаар тодорхой тусгасан. Түүнчлэн уг яамыг Монгол Улсын Шадар сайд толгойлно гэж зааснаар эрх зүй, статусыг тодорхой болсныг онцлов.
Өнгөрсөнд зах зээлийг эрэлт, нийлүүлэлт буюу үл үзэгдэгч гар зохицуулна гэж бодлогын асуудлаа хаяж ирсэн бол өнөөдөр дэлхийд хөгжлийн бодлогоо хэн сайн төлөвлөж, аудитын байгууллагаар хянуулж, алдаа дутагдлаа засч сайжруулсан нь илүү хөгжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хариултдаа тодотгоод энэхүү хуулийн төсөл нь тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаагаараа ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж ихээр баригдсан нь дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын бөөгнөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, нэгэнт эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг дахин нөхөн сэргээхэд эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх зорилготой гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.
Мөн тэрбээр танилцуулгадаа, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг онцлов.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс уг хуулийн төсөл нь цаанаа дархан цаазат газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалсан агуулгатай эсэхийг тодруулахын зэрэгцээ, тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал, зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар хамаарах эсэхийг лавлаж байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариултдаа, Дархан цаазтай тусгай хамгаалалтай газрыг зориулалтын бусаар ашиглаж, хууль зөрчсөн асуудал шүүх дээр очоод шийдэгдэхгүй, маргаан тасрахгүй олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргахын тулд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тодотгов. Түүнчлэн тэрбээр, хуулийн төсөлд нь дархан цаазат тусгай хамгаалалттай газар зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж эрхлэгчид ч хамаарагдахыг онцлоод үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй гэж байлаа. Түүнчлэн гишүүд татварын хувь хэмжээх нэмэх болон бусад зарчмын зөрүүтэй санал байвал төслийн хэлэлцүүлгийн явцад тусгах бололцоотой гэж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дархан цаазат газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа аж ахуй нэгжийг зөвшөөрөөгүй гэдэг агуулгад онцгой анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг "Дархан цаазат газрыг зориулалтын бус аргаар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдээс авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай", Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Богд хан уулын аманд суурьшлын бүс үүсч, тэнд орон сууц худалдан авсан ч үл хөдлөхийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа иргэдэд зохицуулалт хийх шаардлага тулгарсныг онцлоод нөгөөтэйгүүр, бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах механизмыг бүрдүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг болоход уг хуулийн төсөл ач холбогдолтой гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт "Дархан цаазат Богд хан уулын газрыг хууль бусаар газар олгосон хүмүүст хариуцлага тооцох хуулийн төсөл боловсруулж, оруулж ирэх шаардлагатай гэсэн байр суурийг тус тус илэрхийлэв.
Ингээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Хуралдаан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаан оролцсон гишүүдийн 72.7 хувь нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Лүндээжанцан, С.Жавхлан, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууцаар, саналын хуудсаар хураахаар шийдвэрлэж, тооллогын комисс байгууллаа. Тооллогын комиссын дарга Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ саналын хуудас болон нууц санал хураах журмыг танилцуулсны дараа санал хураалтыг эхлүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар нууц санал хураалтын дүнг танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.