Цэс

Холбоо барих

“Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолыг баталж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

“Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтыг явуулсан. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг 01 минутад эхэлж, санал хураалтын дүнг Улсын Их Хурлын гишүүн, нууц санал хураалтын тооллогын комиссын дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдааны нууц санал хураалтад оролцсон 47 гишүүний 27 нь буюу 57.4 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжсэн байна. Иймд “Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон 52 гишүүний 27 нь буюу 51.9 хувь нь дэмжиснээр дээрх тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолыг эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.


Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 11 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Н.Учрал, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна. Хууль зүйн байнгын хороо 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар санал, дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй хадгалах үйлчилгээний талаарх зохицуулалтыг тусгах, үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг цахим мэдээллийн санд оруулах зэрэг зохицуулалттай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах, төслийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан болно. Мөн төслийн зарим нэр томьёог холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Архивын үйл ажиллагаа, санг цахимжуулахтай холбоотой гишүүдийн асуултад Архивын ерөнхий газрын даргаар С.Энхбаатар хариулт өгсөн. Архивын санд 1600 оноос хойш түүхэн дөрвөн үед хамаарах 3.8 сая архивын нэгж хадгалагдаж байгаа юм байна. Архивын баримтуудыг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор нийт баримтын 30 орчим хувийг цахимжуулаад байгаа гэв. Хэлэлцэж буй төсөлд ч архивын үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой зохицуулалтууд туссан байна. Энэ хуулийн төслөөр архивын үйл ажиллагаанаас гадна албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хуульчилж байгаагаараа онцлогтой гэдгийг Ц.Нямдорж сайд хэлсэн. Мөн өнөө цаг үеийн талаарх аудио архив бүрдүүлэх үйл ажиллагаа эхэлсэн гэдгийг тэрбээр энэ үеэр мэдээллээ.

Ингээд ажлын хэсгээс бэлтгэж, Байнгын хороо дэмжсэн саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулаад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлээд Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Байнгын хорооны 2019 оны 13 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.


Хууль зүйн байнгын хороо 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэлээ. Тухайлбал, хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэдэг байх, төслийн зарим нэр томьёог Эрүүгийн хууль тогтоомжтой нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгах зэрэг асуудлыг тусгасан болно.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

“Хуулийн төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоолууд батлагдав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.


Хууль санаачлагч нь одоогийн мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа нь иргэд, жижиг аж ахуйн нэгжид ихээхэн дарамт учруулж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хзмжээг 5 хувь болгож бууруулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нэмэгдсэн өртгийн албан татварыг 1 хувь болгон бууруулж, буцаан олголтыг 9 хувь болгон нэмэгдүүлэх, татвар төлөлтийн хяналтыг сайжруулах, энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг багасгахыг дэмжиж байгаа ч татвар төлөгчдийг бүртгэлжүүлэх боломжгүй байгааг анхаарч хялбаршуулсан татварын хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нэмэгдсэн өртгийн албан татвар нь шууд бус татвар боловч бараа, ажил үйлчилгээний үнэд нөлөөлдөг тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын босгыг 50.0 сая төгрөг байгааг 300.0 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой хуулийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, Төсвийн байнгын хорооны дарга болон Сангийн сайд нараас хариулт, тайлбар авсан юм. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос төслийг хэлэлцэх шаардлагагүй гэснийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь дэмжсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов. Энэхүү тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж, танилцууллаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь боловсруулж, өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

Одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэдэд буцаан олгогдож байгаа татварын хувь хэмжээ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага, урамшууллыг сугалааны тохирлоор олгож байгаа нь шударга бус үйлдэл гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг 5 хувиар нэмэгдүүлж, 7 хувь болгох хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь боловсруулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлжээ. Ингэснээр худалдан авалтыг эрчимжүүлж, далд эдийн засгийн хэмжээг бууруулан татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлж, тэдэнд ногдох татварын ачааллыг бууруулан, татварын тэгш, шударга байх зарчмыг хангаж, олон улсын жишигт нийцсэн татварын тогтолцоог бий болгоно гэж үзсэн байна. Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 3 хувь болгож бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татварыг бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлөөр ялгавартай тогтоох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариас хариулт, тайлбар авав. Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, Н.Оюундарь нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү Баасан гарагийн чуулганы хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцэх шаардлагагүй гэснийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 22 нь буюу 55 хувь нь дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан юм. Улсын Их Хурлын энэ тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж, танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл