Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Далайн хөдөлмөрийн тухай конвенцыг 2006 оны 02 дугаар 07-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо зохион байгуулсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр хуралдаанаар баталсан бөгөөд Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэн орсныг соёрхон баталсан.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.
Далайн хөдөлмөрийн тухай конвенцод далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардлагыг ерөнхий тусгасан байсныг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан зохицуулжээ. Тухайлбал:
Хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн баталгаатай холбоотой шаардлагууд:
- хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцыг орхин явсан тохиолдолд далайчдад цалин хөлс, нөхөн олговор, тэтгэмж олгохтой холбоотой зардлуудыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх;
- хөлөг онгоц эзэмшигч хөдөлмөрийн гэрээ албан ёсоор байгуулан ажиллаж байгаа далайчин амь үрэгдсэн, эсхүл хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж олгох зардлыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх;
- хөлөг онгоц эзэмшигч нь санхүүгийн баталгааг нотлох гэрчилгээтэй байх, түүнийг хөлөг онгоцны тавцан дээр хадгалах.
Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагатай холбоотой шаардлагууд:
- хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд далайчинд нөхөн олговрыг бүрэн төлөх;
- гэрээнд зааснаас бага хэмжээтэй нөхөн олговрыг хүлээн авахыг шаардаж дарамт үзүүлэхийг хориглох;
- гэрээний дагуу олгох нөхөн олговрыг далайчин, түүний хууль ёсны өв залгамжлагч, эсхүл итгэмжлэгдсэн этгээд шууд нэхэмжлэх зэрэг.
Энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах боломжтой болно.
Улсын Их Хурлын Тамгын газар