Цэс

Холбоо барих

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх зорилго бүхий 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийн санхүүжилтийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.


    Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн болон төслийн гэрээг соёрхон баталснаар ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дараах 4 үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан тоног төхөөрөмжийг шинэчлэх,

220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй тосон таслуур, 153 ш гүйдлийн трансформаторын реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх,

220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, “ИХБ-4” болон “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын системийг шинэчлэх,

220/110/35 кВ-ын ИХБ 4-ийн автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

    Зээлийн хугацаа нь 30 жил, зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө.

   


                                                                                                                    Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл