Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) өргөн барилаа.
Гамшгаас хамгаалах тухай хуулийг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хуулиуд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан мөрдөж байгаа билээ.
Коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөл байдал нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн түвшинд хүрээд байна. Дээрх нөхцөл байдлын үед одоо хүчин төгөлдөр мөрдөж буй гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна.
Иймээс шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсныг хууль санаачлагч дурдав.
Уг хуулийн төслөөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд 7 зүйлээс бүрдэж байгаа аж. Хуулийн төсөлд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
· Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолжээ.
· Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар төсөлд шинэ зүйл нэмэх, Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт оруулахаар зохицуулжээ. Мөн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмэхээр тусгажээ.
· Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн байна.
· Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасны зэрэгцээ бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар зохицуулжээ.
Хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагч үзсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.