Цэс

Холбоо барих

Инфографик: “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэе.


“ОЮУТОЛГОЙ ОРДЫН АШИГЛАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА


Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалган, 2019 оны 5 дугаарын сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ танилцуулсан билээ. Энэ санал, дүгнэлтийг үндэслэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан санал, дүгнэлтүүдийг үндэслэн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. 


Тогтоолд Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгахаар тусгасан. 



Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл