Цэс

Холбоо барих

Инфографик: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА


Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Уг хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих болон эрүү шүүлтээс ангид байх үндэсний тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчинг тодорхойлж, түүнчлэн комиссын гишүүдийн тоог 5 болгох, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусган комиссын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг бэхжүүллээ. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль нь 8 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх болон олон улсын хүний эрхийн гэрээний биелэлтийн талаарх илтгэл боловсруулах, тайлагнах, хэрэгжүүлэх үйл явцыг боловсронгуй болгох, Комисст гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тамгын газрын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох, аливаа байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүнээс хүргүүлж байгаа шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлдэг байх зохицуулалтыг тусгалаа. 


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, түүний биелэлтэд хяналт тавьдаг хүний эрхийн асуудал эрхэлсэн үндэсний байгууллагын эрх зүйн үндэс, хариуцлага оногдуулах нөхцөлийг тодорхойлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах нөхцөл бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.


Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл