Цэс

Холбоо барих

Инфографик: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА


Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан болно.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед төслийн “өөрчлөлт оруулах тухай” заалт хасагдсан тул хуулийн нэрийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” гэж өөрчиллөө.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


Манай улсад хорт хавдраар өвчлөгсдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 6073 шинэ тохиолдол оношлогдож, 4412 хүн энэ өвчний улмаас нас барсан бөгөөд өвчлөгсдийн 77 хувь нь хожуу үе шатандаа буюу III, IV үедээ оношлогдож байгаа тул нэг жил хүртэл хугацаанд 28 хувь, 2-5 жил хүртэл 25 хувь, 5-аас дээш жил 35 хувь нь амьдарч байгаа гэсэн статистик тоон үзүүлэлт гарчээ. 

Улсын Их Хурлаас баталсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд нь хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гэж заасан байдаг.

Дээр дурдсан 9.4 дэх хэсэгт хамрагдаагүй хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчиллаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуульд иргэн бүр хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлолт хугацаанд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй гэж заасан болно.

Улсын Их Хурлын Тамгын газар


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл