Цэс

Холбоо барих

Инфографик: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА


Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 


Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн Хуульд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “3.1.4.8. Уламжлалт Бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг … төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ; 3.1.4.9.Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурханы шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан. Мөн НҮБ-ын 54 дүгээр Ерөнхий чуулганаас баталсан 54/115 тоот тогтоолд: 

“Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн хамгийн эртний шашин болох Бурханы шашны 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлийн хөгжилд оруулсан хийгээд оруулсаар байгаа хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг авч үзээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар, байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэж тодорхойлсон нь тэртээ 2500 гаруй жилийн өмнө номлогдсон Бурхан багшийн сургаал, НҮБ-ын дэлхийн улс гүрнүүдийн энх тайван байдал, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө байгуулагдсан эрхэм зорилготой нийцэж байгаа явдал юм. 

Чухам энэ нөхцөлд Монголын ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэн дээдэлж, үүний төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулан баталсан болно.


Улсын Их Хурлын Тамгын газар 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл