Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) хуралдаан 12 цаг 40 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэв.
Эхлээд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулж байна. Улс орнууд энэхүү халдварт өвчний улмаас үүссэн эрсдэлийг бууруулах чиглэлээр өөр өөрсдийн эдийн засгийн чадавх, нөөц боломждоо таарсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар өөрсдийн нөөц бололцоонд таарсан арга хэмжээг оны эхнээс үе шаттай авч хэрэгжүүлж байгааг Сангийн сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. Засгийн газраас монгол хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгаа гэв. Үүний зэрэгцээ ажлын байрыг хамгаалах, иргэдийн амьжиргаа, орлогыг дэмжих, хүүхдүүдэд анхаарах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, зоогийн газар, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний байгууллагууд, иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг авсан. Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, улмаар өрх иргэдэд санхүүгийн тодорхой эрсдэл бий болгоод байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэлх арга хэмжээг авч эхэлж байна. Иймд хувийн хэвшлийн ажил олгогч ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзжээ. Иймд коронавируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Үүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна. Түүнчлэн төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг Төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгасан.
Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэх аж.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Дамба-очир, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, Сангийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асууж, тодруулга хийсэн. Тухайлбал, төсвийн тодотгол хийхтэй холбоотой Д.Эрдэнэбат гишүүний тодруулгад Сангийн сайд хариулахдаа “Төсвийн тодотгол хийх нь хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу тодорхой шаардлагууд үүсч байж төсвийн тодотгол хийнэ. Эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 150 тэрбум төгрөг байна. Үүн дээр үндэслэн төсвийн тодотгол хийнэ гэвэл энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Цар тахлын онцгой нөхцөл байдал хэдий ч бид хуулийн хүрээнд ажиллах ёстой” гэлээ. Засгийн газар коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг 1 жилээр тооцоолоон, зарим арга хэмжээг 3 сар, зарим арга хэмжээг 9, 12 сар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-очир эдийн засгийг идэвхжүүлэх шаардлага бий гэдгийг сануулж, төсөв дэх тэвчиж болохуйц зардлуудыг хэмнэх боломжийн талаар тодрууллаа. Засгийн газар нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэх, томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлыг явуулах шаардлага бий гэдэгтэй санал нэг байгаагаа Сангийн сайд хэлсэн. Зам, боомтын бүтээн байгуулалт дээр ажиллах гадаад ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг, хяналтад оруулж, холбогдох халдвар, хамгааллын арга хэмжээг өндөр түвшин авснаар ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэлээ. Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17-д “төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулах” гэж заасны дагуу Засгийн газар ийм горимд шилжин ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэтгэвэр, тэтгэмж, халамж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах цахилгаан, дулааны зардал зэргийг зайлшгүй олгоод явж байгаа гэв. Зарим төрлийн зардлын санхүүжилтийг бүрэн зогсоогоод байгааг тэрбээр хэллээ. Тухайлбал, гадаад дотоод томилолт, зочид төлөөлөгчдийн зардал, тавилга, эд хогшлын зардал, их завсар, хурал зөвлөгөөний зардал гэх зэрэг олон төрлийн тэвчиж болох зардлуудыг хэмнэх шийдвэр 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс хэрэгжээд ажиллаж байгаа гэлээ.
Ноолуурын асуудлаарх тодруулгад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт, мэдээлэл өглөө. Засгийн газар ноолуурын үнэ ханшийг зохих түвшинд байлгах чиглэлд анхааран, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгааг тэрбээр дурдав. Энэ жил улсын хэмжээнд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх бөгөөд үүний 3000 тонныг дотоодын боловсруулах үйлдвэрүүд авч, гүн боловсруулна гэдэг тооцооллыг салбарын яам хийжээ. Хөгжлийн банкнаас 2020 онд 300 тэрбум төгрөгийн зээлийг үндэсний ноолуур бэлтгэгчдэд олгохоор шийдвэрлэсэн. Хөгжлийн банкны эл зээл 12 хувийн хүүтэй, харин эцсийн хэрэглэгчид 3 хувийн хүүтэйгээр олгох бөгөөд хүүгийн зөрүү 9 пунктыг Засгийн газар төсвөөсөө хариуцахаар шийдвэрлэсэн гэв. Одоогоор үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж ноолуур бэлтгэх саналаа ирүүлээд байгаа бөгөөд зээлийн шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчдэд зээл олгох юм байна. Ноолуурын доод ханшийг аймаг бүрд өөр өөрөөр тогтоосон бөгөөд дунджаар 100.000 төгрөг хэмээн тооцоолж, зээлийн хэмжээгээ тодорхойлсон гэв.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэ үеэр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашиг олгохтой холбоотой тодруулга мэдээллийг Сангийн сайд өгсөн юм. Ирэх сард олгох дээрх ноогдол ашгийг брокерийн компаниудад данс нээлгэсэн 300 гаруй мянган иргэн уг дансаараа авах бол үлдсэн хэсэг нь НӨАТ-ын “e-barimt” программын бүртгэлээрээ дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн байгаа гэв. Иргэдийн ноогдол ашиг Сангийн яаманд төвлөрмөгц НӨАТ-ын буцаан олголт өгдөг системээр иргэн бүрд олгох тул тусгайлан данс нээлгэх шаардлагагүй гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 910 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд үүнийн 180 мянга нь төрийн албан хаагч, 80 мянга нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнууд юм. Эдгээрийг хасаад тооцохоор 640 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх арга хэмжээнд хамрагдах тооцооллыг Сангийн яамнаас хийгээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд тодруулж мэдээлсэн. Түүнчлэн түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд дүйцэх татварын хөнгөлөлтийг үзүүлэх бөгөөд нэр бүхий газруудаас түрээсийн төлбөрөө бууруулсан, тэглэсэн мэдээллээ Сангийн яаманд ирүүлээд байгааг сайд хэлсэн. Б.Жавхлан гишүүний тодруулсны дагуу коронавируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний зардлын задаргааны талаар мэдээлэл өгсөн. Багц арга хэмжээний зардал болох 5.1 их наяд төгрөгийн 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт болгохоор, иргэдийн орлогыг хамгаалах арга хэмжээг 663 тэрбум төгрөг, ажлын байрыг хадгалах чиглэлд 880 тэрбум төгрөгийг, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг 3.4 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар Б.Жавхлан гишүүн тодруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 24-нд дуусах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Засгийн газар 80-85 хувьтай хэрэгжсэн хэмээн дүгнэж байгаа гэв. Энэ хүнд цаг үед ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх зэрэг олон улсын байгууллагууд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг Сангийн сайд дурдав. Азийн хөгжлийн банк төсөвт дэмжлэг болох 200 сая ам.долларыг яаралтай олгох асуудлыг шийдвэрлэсэн, Дэлхийн банкнаас 60 сая ам.доллар, ОУВС-аас 100 орчим сая ам.долларын санхүүжилт шийдвэрлүүлэхээр яриа хэлцэл үргэлжилж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зээл, зээлийн хүүгийн дарамт нь аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл үүсгээд байгааг онцлоод Монголбанкны зүгээс үүн дээр бодит шийдвэр, арга хэмжээ авч хэрэгжүүлэх авах шаардлагатай гэдгийг хэлж байв. Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжих, импортыг орлох хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үр нөлөөтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломж бий гэдгийг гишүүд хэлж байв.
Ийнхүү гишүүд “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаан оролцсон 13 гишүүний 12 нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийн төслүүдийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа III” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
ДЭМБ-аас 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шинэ коронавируст халдварыг цар тахал хэмээн зарласантай холбогдуулан манай улс цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, вирусийн халдарыг оношлох, эмчлэх зэрэг арга хэмжээг улам бүр эрчимжүүлэн авч ажиллаж байгаа юм. Монгол Улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээг, чанартай, шуурхай хүргэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэхэд чиглэжээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээтэй тулгарсан байна. Шинэ коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулж Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийтдээ 14 тэрбум ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж, санхүүжилтийн хэлэлцээрийг Дэлхийн банктай байгуулахаар болжээ. Санхүүжилтийн 13.1 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас олгох бөгөөд зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 тус тус байх аж. Харин үлдсэн 13.8 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох болсныг танилцуулгад дурджээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсад хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем нь анх 1959 онд үүсгэн байгуулагдаж 61 дэх жилдээ ашиглагдаж байгаа, дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 зэрэг гурван станц, дулааны 1 станц (Амгалан дулааны станц)-д үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангаж байна. Дулааны эрчим хүчний эрэлт жилд 5- 8 хувиар тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж хүчин чадлын дутагдалд орсноос гадна нийт шугам тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа 20-30 жилээр хэтэрч гэмтэл саатал ихээр гарч дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулж байгааг дурдсан байна. Иймд эхний ээлжинд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг хийх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохирчээ. Зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа III” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх аж. 2002 оноос хойш хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжсэн байна. Төслийн үр шимийг 1,443,718 иргэн хүртсэн байна. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээр орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул “Тогтвортой амьжиргаа-III” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө хэмээн танилцуулгад дурдав.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа III” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөв. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой байдлын комиссын коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө, Засгийн газрын 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг боловсруулжээ. “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг батлуулснаар коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг тусгасан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаа алдалгүй батлуулж хэрэгжүүлж эхлэх боломжийг бүрдүүлэх юм байна.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Иймд санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 90 хувь нь төслийг дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.