“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 20 дахь дугаарт Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухайхуулийг нийтэлжээ. Уг хуулиар Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон Дайны гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан бөгөөд соёрхон баталсан олон улсын гэрээг мөн бүрэн эхээр нь нийтэлсэн байна.
Түүнчлэн Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого батлах тухай, Үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Монгол Улсын Засгийн газраас “Аялал жуулчлал”-ын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг эрчимжүүлэн, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид аялал жуулчлалыг бүс нутгуудад жигд хөгжүүлэх замаар орон нутагт тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг 2019-2026 онуудад хэрэгжүүлэхээр боловсруулжээ.
Бодлогын энэхүү баримт бичиг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутаг бүрт аялал жуулчлалын хөгжлийг жигд цогцлоох, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн аж.
Бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай бөгөөд Монгол Улсад ирэх жуулчдын тоог 2020 онд 1 саяд хүргэх зорилтын биелэлтийг хангаснаар жилд аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт орох орлогыг 1,4 тэрбумд, улмаар бодлого хэрэгжиж дуусах 2026 онд жилд ирэх жуулчдын тоог 1,7 саяд, салбарын жилийн орлогыг 2,4 тэрбум ам.долларт хүргэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.
Бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх, газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг төрөлжүүлэн хөгжүүлж, эрүүл ахуй, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлж, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн Засгийн газрын тогтоолоор “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсан бөгөөд спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлж, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр дамжуулан төрөөс иргэдэд чанартай үйлчилгээг үзүүлэн, иргэд биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулахад хөтөлбөрийн зорилго оршиж буй юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.