Цэс

Холбоо барих

Байнгын хорооны даргыг сонгож, Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  (2019.05.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэйгээр эхэллээ.

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.1 хувь нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгохыг дэмжив. Иймд “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдан, УИХ-ын дарга эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. 


    Дараа нь Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх агуулга бүхий уг тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 52 гишүүний 34 нь буюу 65.4 хувь нь дэмжив. Иймд “Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав. 

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав. 


    Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, З.Нарантуяа, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Ц.Цогзолмаа, Б.Батзориг, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь Монгол Улсын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгааг ажлын хэсэг нягтлан үзсэн гэдгийг Я.Содбаатар гишүүн хэллээ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгийн 58 хувь, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 90 хувь, салбаруудын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдтэй 23 хувийн нийцэлтэй байна хэмээн дүгнэжээ. Үндсэн чиглэлийн төсөл нь бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг гэдэг онцлогийг харгалзан үзэх, шаардлагатай бол хэлэлцүүлгийн дэгийг тусгайлан зохицуулдаг байх саналыг гишүүд гаргаж байв. Мөн төсөлд дэх арга хэмжээнүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тооцон зөв эрэмбэлэх нь хувийн хэвшлийнхнийг үйл ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой байдгийг хэлж байсан. 


    Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос нэгтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй саналын томъёоллын санал хураалтаар үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл