Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 400 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2019.06.27) хуралдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үйл ажиллагааны зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулан байгуулсан юм. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн дэх 6 дэд хэсгийн нарийн бичгийн дарга нар оролцлоо. Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн дэд хэсгийн нарийн бичгийн дарга нарт төслийн хэлэлцүүлгийн зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих, хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой чиглэл өгсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.