УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2019.12.19/ “Шийдвэр гаргах, түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Сатта, Австрадийн элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Алекс, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд, Жендерийн үндэсний хороо, улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, Монфемнет эмэгтэйчүүдийн сүлжээ байгууллагын төлөөлөл болсон 100 гаруй эмэгтэйчүүд оролцож санал бодлоо илэрхийлж, гарц шийдлүүдийг ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа цаг үетэй давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Аливаа улс орны парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хэрээр нийгэмд шударга ёс, тэгш эрх хангагддаг гэдгийг судалгаагаар баталсан байдаг. Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан нинжин сэтгэл, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг үйлдлүүдэд эмэгтэйчүүд бага өртдөгийг судлаачид дүгнэдэг. Иймээс УИХ-ын сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх квотыг тусгаж өгөх нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж саналаа илэрхийлсэн юм.
Мөн энэ удаагийн Парламентад ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн амжилт, хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, ялангуяа хүүхдийн хүчирхийлэл, нийгмийн асуудалд онцгой анхааран ажиллаж байгаад талархаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн чанартай асуудлууд эхнээсээ шийдлээ олж байгаа нь энэ Парламентад ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн ажлын үр дүн эхнээсээ нийгэмд эерэг нөлөө авчирч байгааг оролцогчид дурдаж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.