Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өнөөдрийн (2019.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулахтай холбоотой зарчмын зөрүүтэй зарим саналын томьёолол гаргасныг хэлэлцэж дэмжив. Ингээд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг зарчмын зөрүүтэй саналын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, хуулийн төслийг батлуулахаар тогтов.
Хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй нэгэн адил хүчинтэй байх аж. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар тусгажээ.
Харин төслийн 2 дугаар зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ гэж тусгасан байна.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.