Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо.
Улсын Их Хурлаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсох үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж яваа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 2-3 парламент дамжиж боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас ард түмнийхээ засаглах эрхийг хангахын тулд энэ өөрчлөлтийг хийж байна. Хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг иржээ. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш, бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоогоо хангаж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав.
Сумын Засаг даргын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч адилхан. Улсын түвшинд харвал Засгийн газарт ч төстэй байдал бий. Манай тогтолцоонд нэгэнт буй болсон гажуудлыг засаж, гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, парламентыг хариуцлагатай, шүүхийг хараат бус, орон нутгийн захиргааг боловсронгуй болгохын тулд, төр засгаас ард олныхоо төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн санал нэн чухал болохыг онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай хэмээн хүсэв.
Шинэжинстийнхэн төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Үг хэлсэн хүн бүр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлж, сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг анхааруулж байлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас Шинэжинст сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар асууж тодруулан, хариулт авлаа.
Залуучууд хөдөлмөрлөж чадвал сумандаа сайхан амьдрах боломж байна гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочиллоо.
Ш.Ганбат, “2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж
эхэлсэн. Одоогоор ээж, эхнэртэйгээ хамтарч ажилладаг. Сард дунджаар 80 орчим
нэхий боловсруулж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 15 нэхий элдэж
боловсруулах боломжтой. Түүхий эдээ малчдаас авдаг. Гэхдээ цэвэрхэн хуулж,
анхны боловсруулалтаа сайн хийсэн арьс авахыг боддог. Тиймэрхүү арьсыг 2000
орчим төгрөгөөр худалдаж авдаг. Элдсэн нэхийгээ ихэвчлэн малчдад дээл хувцас
хийхэд нь зориулж арилждаг. Нэг дээлэнд
8-15 нэхий ордог.
Хаягдал гаргахгүйн тулд жижиг хэсгүүдийг дэгтий, нударганы
бэлдэц болгож өгдөг. Нэхий боловсруулах технологийг Улаанбаатар хотод сургалтад
сууж сурсан. Одоогоор гэртээ нэхийгээ элдэж боловсруулдаг, хүйтний улирал
эхлэхээс өмнө ажлын байраа барьж дуусгана гэж бодож байгаа. Санхүүгийн хувьд
өөрөө л болгож байна. Янз бүрийн төсөл, зээлд хамрагдах гэж үзсэн. Даанч
барьцаа хөрөнгө байхгүй гээд олддоггүй юм байна билээ.
Хонины нэхийг сайхан боловсруулчихвал зөвхөн манайд ч гэлтгүй Өвөрмонголд зах зээл байна. Сумандаа сайхан ажиллаж амьдрах боломж байна. Төр засаг болон орон нутгийн удирдлагуудаас бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах, борлуулах чиглэлээр жаахан л дэмжээд өгвөл орон нутагт сайхан амьдарч болж байна. Хонины нэхийг элдэхэд гардаг хялгасаар дулаалгын матаериал хийж болмоор санагдаад байгаа юм. Залуучууд өөрсдөө санаачлаад, хөдөлмөрлөвөл хийх ажил их байна. Түүнийг нь төр засгаас санхүүгээр дэмжих хэрэгтэй байна” гэж ярилаа.
Тэрбээр
мөн хонины хорголоор галладаг зуухыг өөрөө зохион бүтээж, 2018 оны намраас хэрэглээндээ
ашиглаж байгаа юм байна. Энэ зуухандаа модлог ургамал түлдэггүй бөгөөд хонины
хоргол, аргал, хомоол зэргийг багахан хэмжээний нүүрстэй хольж түлдэг байна. “Энэ
зуухыг ашиглах нь говийн экосистемд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Модлог
ургамал түлэхгүй учраас загаа хамгаалахад нэмэр болно. Илч сайтай, дулаанаа сайн
хадгалдаг. Нэг портер нүүрс 10 дугаар сард авсан, одоо хүртэл түлж байна. Нэг
зуух ойролцоогоор 90 орчим мянган төгрөгөөр бүтдэг гэж танилцууллаа.
УИХ-ын
дарга Г.Занданшатарыг дагалдан нарийн мэргэжлийн эмч нар, гар утасны засвар,
үсчин гоо сайхны баг ажилласны зэрэгцээ спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн
зохиож, аймгийн татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн
байгууллагууд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлсэнд иргэд ихэд талархалтай байлаа
гэж УИХ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.