Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өмнө нь Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газарт тус тус ажилласан бол өнөөдөр (2019.05.22) тэрбээр Хүний эрхийн үндэсний комисст ажиллав.
Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсанаас хойших 19 жилийн хугацаанд ирж, ажил байдалтай нь танилцаж байгаа анхны УИХ-ын дарга болсонд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж талархал илэрхийлэв.
УИХ-ын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс ажиллалаа.
2000 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Уг хуулийн 3.1-т "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" гэж заасан.
Тус комисс одоогоор 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 21 аймаг тус бүрт нэг ажилтан ажилладаг байна. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон тоо, төсвийн асуудлыг шинэчлэн шийдвэрлэх шаардлага тулгарсан. Тодруулбал, дүн шинжилгээ судалгааны чиглэлээ бэхжүүлэх үүднээс мэргэшсэн судлаачдыг ажиллуулах шаардлага үүсэж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ. Ажилтнуудын нийгмийн асуудал ч орхигдож, туршлага дадлагатай болсон ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй байгааг ч учирласан юм. Иймд олон улсын жишгийн дагуу Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах тухай хуультай болж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна гэлээ.
НҮБ-ын тусгай илтгэгч ноён М.Форст дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 13-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан бөгөөд зөвлөмждөө таван асуудлыг тусгасны нэг нь хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шаардлагатайг дурджээ.
Иймд шинэчилсэн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг хүний эрхийг хамгаалагчид хэлсэн юм. Уг хуулийн төсөлд тус комиссын дэргэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмтай болохоор тусгагдсан байна. Хараат бусаар ажиллах ийм механизмтай болж чадвал олны анхаарлыг татаж буй эрүүдэн шүүлтийн асуудал буурна гэж үзэж байгаа аж.
Эрүүдэн шүүлтийн талаарх асуудлыг тус комиссын зүгээс жил бүрийн илтгэл тайландаа тусгадаг ч төдийлэн анхаарч үздэггүй, энэ талаарх ХЭҮК-ын эрх мэдэл хангалтгүй байсаар өдийг хүрсэн. Он гарсаар эрүүдэн шүүлттэй холбоотой 35 гомдол ирсэн байна. Эрүүдэн шүүлттэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг практик манай улсад байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр хаагддаг байна. Комиссоос ирсэн гомдол бүрт ажиллагаа хийгээд харьяаллын дагуу шаардлагуудаа хүргүүлдэг ч ёс төдий хариу ирсээр байгааг ч хэлж байлаа.
Хүний эрх, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулахад шат шатандаа анхаарах цаг болсныг хүний эрхийг хамгаалагчид сануулсаар байна.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдэж, шинэчлэх хэрэгтэй. Тухайлбал, бага насны хоёр хүүхдийг хүчирхийлсэн гэх цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халсан ч хохирогчдыг дахин хохирогч болгох үйлдлүүд нийгэмд болон хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр тархаж байна. Мөн тухайн цагдаагийн ажилтнуудын ар гэр, үр хүүхдийг давхар хохирогч болгож, хүнд байдалд оруулж байгаа учраас энэ мэт үйлдлээс сэргийлэх, хамгаалах бодлого дутагдаж байна.
Жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой хууль тогтоомжуудыг мэддэггүй удирдлагуудаас болж орон нутагт хүний эрхийн зөрчил багагүй гардаг. Мөн сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол нэмэгдэх хандлагатай болсон. 2013 онд хийсэн тандалт судалгаагаар хүчний байгууллагад ажлын байрны бэлгийн дарамт их байсан гэдгийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хэллээ.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, “НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмжийг хууль тогтоомжоороо баталгаажуулж хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ гаргасан хуулийг ажил хариуцсан яам, агентлагууд хариуцлагатайгаар хэрэгжүүлэхгүй байна. Зорилтот бүлэгтээ тохирсон бодлогыг гаргаж чадахгүй байна” гээд, төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулах, хүний эрхийг хамгаалагчдыг дэмжих хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүний эрхийн асуудал нээлттэй, ил тод байх тусам урьдчилан сэргийлэх нэг арга болно. Манай улсад хүний эрхийг хамгаалах хууль, бодлогын баримт бичиг цөөдөөгүй. Харин хэрэгжилт ямар байна вэ гэдэг бол анхаарал татсан асуудал мөн. Хүний эрх гэдэг бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр хэн нэгнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж байгаа бол маргааш магадгүй өөрийг чинь ч хохироож магадгүй учраас хүний эрхийг хамгаалах нь бидний үүрэг юм.
Нэг талаас хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Нөгөө талаас Хүний эрхийн үндэсний комисс гомдол шаардлагыг холбогдох байгууллагад шилжүүлээд л орхидог гэсэн шүүмжлэл байдаг. Энэ шүүмжлэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал дээр тод харагдлаа.
Ниргэсэн хойно нь хашгирах биш, урьдчилан сэргийлж, гарсан зөрчлийг тэр даруйд нь ил тод, шуурхай мэдээлж, шийдвэрлэдэг болохын тулд УИХ-аас бүхий л талаар дэмжиж ажиллана.
ХЭҮК-ын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй байна. Энэ шинэчлэлийг хууль, эрх зүйн хувьд ч, байгууллагын бүтэц, удирдлагын хүрээнд ч хийх шаардлагатай” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.