Нэгэн үе олны дунд тааруухан байсан Улсын Их Хурлын нэр хүнд сүүлийн үед өсөж байгааг судалгааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлт харуулсаар байна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагад итгэх олны итгэл өмнөх үеэс сэргэснийг хараат бус судалгааны МЭК байгууллага энэ 4 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотын оршин суугч 1070 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад тэдний дийлэнх нь хаврын ээлжит чуулган эхэлснээс хойших Улсын Их Хурлын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн байдаг. Энэ нь өмнөх сарынхаас даруй 2.5-аас 3.5 пункт болж өссөн үзүүлэлт юм.
Тэгвэл судалгааны МЭК байгууллага 2019 оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 725 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мөн л эерэг үнэлэлт өгсөн байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байгаа юм.
Судалгааны зарим байгууллагын дүнгээс үзэхэд Улсын Их Хурлын нэр хүнд 2017 оны 9 дүгээр сараас хойш уруудсаар 2018 оны 1 дүгээр сар гэхэд 1.9 хувьд хүрээд байв. Харин 2019 оны 2 дугаар сараас эхлэн өсөж, мөн сард 2.6, харин 3 дугаар сард 2.9 хувь, 6 дугаар сард 3.8 хувь байсан бол энэ сарын судалгааны дүнгээр 3.9 хувьтай гарчээ. Үүнийг судалгаанд оролцсон иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийг Улсын Их Хурал хэлэлцэж буйтай холбож авч үзсэн байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус болон хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ шударга ёс, сахилга, хариуцлага, хуулийн засаглал гэсэн үгсийг байнга онцолж, хариуцлага, сахилгыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг цохон дурдаж байв. Улсын Их Хурлын хаврын чуулганы бүхий л үйл ажиллагаа ч энэ чиглэлд түлхүү чиглэж ирсэн нь хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжуудаас тодорхой харагдана.
Мөн тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй бол ийм боломж дахин мөддөө олдохгүй гэдгийг ч удаа дараа хэлж байв.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхлээд байгаа. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг Улсын Их Хурлын тогтоолоор байгуулж, зөвшилцөх ажил үргэлжилж байгаа бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ долоо хоногт хийхээр төлөвлөөд байгаа юм.
Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь Монголын улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлж шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэж буйг иргэдийн дийлэнх нь ойлгон дэмжиж байгаа аж. Тухайлбал, МЭК судалгааны байгууллагаас 2019 оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд явуулсан судалгаанд оролцсон 725 иргэний 66 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин тус байгууллагаас 2019 оны 6 дугаар сард явуулсан судалгаанд оролцсон 712 иргэний 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байв.
МЭК судалгааны байгууллагаас хийсэн энэ удаагийн судалгааны дүнгээс харахад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар “сайн мэднэ” гэсэн иргэдийн тоо өмнөхөөс өсөж, “огт мэдэхгүй” гэсэн үзүүлэлт буурсан бол “тийм ч сайн мэдэхгүй” гэсэн иргэдийн тоо өмнөх судалгаатай адилхан 46 хувийн үзүүлэлттэй гарсан байна.
Судалгааны байгууллагын удаа дараагийн дүгнэлт болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх төсөл, саналуудын хүрээнд зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагаас үзэхэд иргэд сонгогчдын дийлэнх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа, энэ талаар нийгэмд хүлээлт үүсээд байгаа нь тодорхой байна.