Цэс

Холбоо барих

Генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2020.01.17) Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн даргалан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, АШУҮИС, МУИС, ШУТИС, ХААИС болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.


Монгол Улсын Засгийн газраас Генетик нөөцийн тухай хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Ургамал, амьтан, бичил биетний болон бусад гаралтай удамшлын функционал нэгж агуулсан аливаа материалыг генетик материал гэх бөгөөд уг материал дундаас бодит болон боломжит үнэ цэц бүхий хэсгийг генетик нөөц гэж үздэг байна. Тодруулбал, хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болох хоол хүнс, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүний тодорхой хэсгийг генетик нөөцөөс гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрэглэж байна.

Генетик нөөц нь орчин цагт улс орны эдийн засагт баялаг бүтээж буй баялаг нөөц юм. Генетик нөөц ашигладаг салбаруудын дэлхийн чиг хандлагаас үзвэл ирээдүйд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 50 хувь, эм үйлдвэрлэл 15 хувь, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн 7 хувь, биотехнологийн үйлдвэрлэл 15 хувиар тус тус өснө гэсэн судалгааг гаргасан байна. Тухайлбал, АНУ-ын Хүнс Эмийн хорооноос баталгаажуулсан эмийн 60 хувь нь генетик нөөцөөс гаралтай байна.


Манай улсад ч өөрсдийн дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж, үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэх боломжтой бөгөөд генетик нөөц ашиглалтаас 2,5 их наяд төгрөгийн мөнгөн үр ашгийг хүртэх, бий болгох бололцоотой. Энэ нь 2017 оны ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэх дүн болохыг судлаачид хэлж байна.

Монгол Улсын байгалийн амьд нөөц нь нэг талаас хүний хөдөлмөр шингээгүй, нөгөө талаар үйлдвэрлэлд ихэвчлэн түүхий эд байдлаар орц болж ашиглагддаг. Боловсруулалт хийгдээгүй биологийн түүхий нөөц нь генетикийн нөөцийг өөртөө агуулдаг. Уг нөөцийг дотоодын хэрэглээнд хүнс, амьжиргааны эх үүсвэр байдлаар ашигладаг. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн зориулалтаар харьцангуй бага ашиглагддаг. Харин ихэнх хэсэг нь гадагшаа хараа хяналтгүй урссаар байгаа юм.


2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байгаа юм байна.

Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ онцлоод салбар бүрийн хөгжлийг дэмжсэн эдийн засгийг хөшүүрэг болохуйц хууль батлахын тулд ажиллаж байгааг танилцуулсан.


Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн гарах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга Т.Булган танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцыг 1993 онд, уг конвенцын Генетик нөөцийн тухай Нагоягийн протоколыг 2013 онд тус тус соёрхон баталсан. Нагоягийн протокол нь биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах хөшүүргийг бий болгож, тогтвортой хөгжил ба хүний сайн сайхан байдалд биологийн олон янз байдлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, тэдгээрээс үүдэлтэй шинэ санаа, нээлтүүд, генетик нөөцийн ашиглалтаас хөгжиж байгаа хангагч орны иргэд үр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг байна.    

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, тогтвортой ашиглах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх талаар тус тус заажээ. Иймд Монгол орны генетик нөөц түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эдийн засгийн эрэлтэд оруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх бүртгэл хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлага зайлшгүй байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн Тэргүүлэх зөвлөх Л.Цэрэнням илтгэлдээ онцолсон.


Хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтэн судлаачид хуулийн төслийн нэр томьёог ойлгомжтой болгох, бусад салбарын эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулах, үйлдвэрлэл эрхлэгчид болон салбар бүрийн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд дахин хэлэлцүүлэг зохион байгуулах тал дээр анхаарч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд хэлж байлаа. Мөн төсөлд байгаа зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал, уламжлалт мэдлэг эзэмшигч гэж хэнийг ойлгох, генетик нөөц ашигласны төлбөр хураамжийг захиран зарцуулах эрх мэдлийг тухайн орон нутагт нь өгч болох эсэх, хяналт, шалгалтыг зохион байгуулалтыг тодорхой болгох зэрэг асуудлыг тусгах талаар байр сууриа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн оролцогчдоос бичгээр саналаа ирүүлэхийг хүсээд хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар батлуулах зорилттой ажиллаж байна гэв. Мөн тэрбээр хэлэлцүүлэгт оролцогчдод дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломж нээлттэй байгааг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл