Цэс

Холбоо барих

Мянган малчны чуулганаас малчдын дэвшүүлсэн саналыг гардууллаа


Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар, нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Монгол Улсын гавьяат малчин О.Дорж, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нарын зэрэг хүмүүс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, тус нийгэмлэгээс саяхан зохион байгуулсан “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” малчдын анхдугаар чуулганаас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар гаргасан саналыг гардууллаа.

Монгол Улсын гавьяат малчин О.Дорж өөрийн биеэр хөдөө орон нутгаар явж, цуглуулсан 6484 малчны гарын үсэг, чуулганд оролцсон 1000 шахам малчдын нэрийн жагсаалтыг саналд хавсаргажээ.

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар “Ган, зуд зэрэг байгалийн бэрхшээлийг монгол малчид маань мэдлэг, ухаан, туршлагаараа даван туулж чадаж байна. Харин хуулийн цоорхойг ашиглаж, хурдан унаа, буу зэвсэг агссан, бүлэглэн хуйвалдсан малын хулгайчдын өмнө сөхөрч байна. Тиймээс мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах хуулийн орчныг сайжруулах шаардлагатай байгааг биднээр дамжуулан малчид маань төр, засагтаа илэрхийлж байгаа юм” гэлээ.

 

Монгол Улсын гавьяат малчин О.Дорж малын хулгайчийг шийтгэхдээ богийг бодод шилжүүлж авч үздэгийг болимоор байна. Малчин хүнд нэг ишиг ч үнэ цэнэтэй. Тиймээс нэг хонь, нэг адуу хулгайлсан ч бай ялгаагүй, адилхан шийтгэл ногдуулах ёстой. Нөгөө талаар малын хулгайн гэмт хэргийг дахин давтан үйлдсэн хүнд хатуу шийтгэл оноомоор байна. Түүнчлэн нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, тээврийн хэрэгслийг хураах зэрэг шийтгэлийг халж, хорих төрлийн ял өгдөг болбол малын хулгай багасна гэсэн саналаа илэрхийлэв.   

УИХ-ын дарга Г.Занданшатар малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах ял, шийтгэлийг чангатгах хуулийн төслүүд өргөн баригдсаныг Улсын Их Хурал хойшлуулалгүй авч хэлэлцэхээр төлөвлөж байна. Хуульд малчдынхаа гаргасан саналыг тусгах талаар тусгайлан анхаарах болно гэлээ.    

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл