Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Улсын Их Хурлын дарга улс төрийн намууд, мэргэжлийн зарим холбооноос ирүүлсэн саналыг гишүүдэд танилцуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.07.04) хуралдаан 12 цаг 38 минутад 57.9 ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 64 гишүүн гарын үсэг зурж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд чуулганы өнгөрсөн сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.


Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нар болон Улсын Их Хурлын зарим гишүүд оролцов. Мөн Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар,  Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Томьёоллын ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, шүүгч Ц.Цогт нар оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгохоор заасан. Энэ дагуу Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд болон мэргэжлийн зарим холбооноос ирүүлсэн саналыг гишүүдэд танилцуулсан юм.


Монголын хуульчдын холбоо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд саналаа ирүүлжээ. Тус холбоо ирүүлсэн саналдаа, нэгд, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажил, үүргийг хавсран гүйцэтгэхийг бүрэн хориглох нь зүйтэй. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцээс 1996, 1998, 2000 онд гаргасан шийдвэрүүдийг харгалзан үзэх шаардлагатай. Хоёрт, шүүх эрх мэдлийн зохицуулалтын хүрээнд Улсын дээд шүүх 21 шүүгчээс бүрдэнэ гэж тоо заасныг өөрчлөх. Улсын дээд  шүүхийн гурван танхим байгаа ч цаашид шүүгчид танхим дотроо дагнан төрөлжих асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Иймд Улсын дээд шүүхийн шүгчдийн тоог хатуу тогтоож, хязгаарлах боломжгүй юм. Мөн одоо байгаа шүүгчдийг ямар шалгуураар хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна гэжээ.

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) ирүүлсэн саналдаа “Улсын Их Хурал нь 20 гишүүний саналаар хууль баталдаг, гишүүд нь улсын нэгдсэн төсвийг сонгогдсон тойрогтоо тэрбум тэрбумаар нь хувааж авахаар улайран дайрдаг. Засгийн газар нь дунджаар 1.8 жил ажилладаг, Ерөнхийлөгч нь хараат бус ажиллах ёстой шүүгчдэд томилгоогоор дамжуулан нөлөөлдөг. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх нь шударга ёс тогтоох гэхээс илүү эзэндээ үйлчилдэг. Улсын Их Хурлын сонгууль бүрийг өөр тогтолцоогоор явуулдаг, товчоор хэлбэл, Монголын төр хямарсан нь нэгэнт  тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна” гэдгээ илэрхийлжээ. Мөн тус нам хоёр асуудалд төслийн үзэл баримтлалаас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоог авч, Үндсэн хуульд тодорхой зааж өгөх, харин орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг энэ удаа авч үзэхгүй шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа дурдсан байна.

Харин МАХН “байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар Ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлсэн байна.

Эдгээр саналуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга хэллээ. 

Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонслоо

Дараа нь Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтүүдийг сонсов. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нхоёр дахь хэлэлцүүлгийн шатанд “Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд өгнө” гэж заасан. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Өргөдлийн болон Төсвийн байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар танилцуулсан юм.


Улсын Их Хурлын бүх Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын 63 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, С.Батболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын томьёолол, үндэслэл, шаардлагаа танилцуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахад Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй, төслийг хоёр дарь хэлэлцүүлэгт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжжээ. Тэгвэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар хууль санаачлагчаас асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С.Чинзориг, Н.Учрал нар зарчмын зөрүүтэй санал гаргасныг санал хурааж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн байна.


Харин Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин таван нас” гэснийг “тавин нас” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэн бол Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар төсөл санаачлагчаас асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Г.Тэмүүлэн, О.Батнасан нар зарчмын зөрүүтэй санал гаргасныг төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр хамтатган санал хурааж шийдвэрлэжээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахад Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Л.Болд, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэн, гишүүдийн 70 хувийн саналаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн байна. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжжээ.

Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтүүд, төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Батзандан нарын асуултад хууль санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд тодорхой тайлбар, нэмэлт мэдээлэл өгсний дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодын хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэхээр тогтсон юм. Харин үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг дахин нягталж нэгдсэн ойлголцолд хүрэхээр нээлттэй үлдээсэн учраас тэдгээрээс бусад зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан зарчмын зөрүүтэй саналуудыг агуулгын хувьд үндсэн дөрвөн хэсэгт багцалж төслийн үндсэн заалттай хамтатган цогц байдлаар санал хурааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.


Иймээс хуралдаан даргалагч эхлээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдээс болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг танилцуулж, санал хураалгалаа. Байнгын хорооны гишүүд энэ үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудтай холбогдуулан ажлын дэд хэсгийн гишүүдийн тайлбар, үндэслэлийг сонсож, өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана” гэж өөрчлөн найруулахаар гаргасан саналыг дэмжсэний зэрэгцээ төслийн 4 дүгээр зүйл буюу Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Засгийн газрын гишүүд” гэснийг хасах төслийн заалтыг хэвээр үлдээхээр болов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг бүхэлд нь эцэслэн батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг дэмжив.


Түүнчлэн ажлын хэсгийн саналаар төслийн 4 дүгээр зүйл буюу Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоож, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Харин байгалийн баялгийн ашиглалт, тэгш, шударга хуваарилалттай холбоотой төслийн 2 дугаар зүйлийн 2 дахь зүйл буюу Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, улс төрийн намтай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, түүнчлэн сонгуулийн тогтолцоо, улсын төсвийг хэлэлцэн батлах, мөн хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороо байгуулах талаарх төслийн заалттай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй олон санал гарсан учраас эдгээрийг ажлын дэд хэсэг дээр дахин ярилцаж нягтлан нэгдсэн ойлголцолд хүрсний дараа хэлэлцэж шийдвэрлэхээр болж түр хойшлуулав.


Харин Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг буюу Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг дахин ярилцаж нягтлахаар түр хойшлуулсан бол төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмэхээр тогтов. Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан саналын дагуу төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага хараат бусаар ажиллана. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, М.Оюунчимэг нар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин тав” гэснийг “тавин” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.   


Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ажлын хэсгийн саналаар төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын эхний өгүүлбэрийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доүшгүйн саналаар томилно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг “Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргана. Уг шийдвэр нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан өргөдлөөр Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулах, харин “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах бусад шаардлагын хуулиар тогтооно”, “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ” гэсэн төслийн заалтуудыг хэвээр нь үлдээхийг дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасангийн саналаар төслийн 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсний дараа “Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь шүүн таслах ажлын туршлагатай байна” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын саналаар төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалт буюу Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “есөн жилийн хугацаатай” гэснийг “есөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм.


Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ажлын хэсгийн саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дараагийн Засаг даргын бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно” гэж, мөн төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот; тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Мөн ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Дүүргийн Засаг даргыг сонгох, эсхүл томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжсэн юм.

Төгсгөлд нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Ирэх долоо хоногт тус Байнгын хороо дахин хуралдаж, нээлттэйгээр үлдээсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа нягтлан авч үзэж эцэслэн шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл