Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт  шилжүүллээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.11.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. 

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажилласан юм.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараах санал, дүгнэлтийг гаргажээ. 

1. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон байна. Ингэснээр төсвийн алдагдал 2 их наяд 74.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцоолсон байна.

2. 2020 онд Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөгийг, Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэхээр тооцжээ.

3. 2020 оны төсвийн жилд бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1 тэрбум төгрөгийг, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Энэ бодлогын хүрээнд бүх төрлийн тэтгэвэр авагч, төрийн албан хаагч иргэдийн бодит орлого нэмэгдэнэ хэмээн үзсэн болохыг Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор төсөлд тооцсон байгаа тул Улсын Их Хурал энэ бодлогыг бүрэн дэмжиж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэгт болон Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас 2020 оны төсвийн жилд санхүүжилт шаардагдах хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх саналуудыг ирүүлснийг ажлын хэсэг судалж ажилласан байна.

Ажлын хэсгээс 2020 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлж хэрэгжүүлэх зарим хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах саналуудыг Байнгын хороонд танилцуулсныг Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсгийн санал нэг бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа тул зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд нийт 89,767.5 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлэх, бууруулах, төслөөс хасах, шинээр нэмэх зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг нийт 281,317.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Дээр дурдсан хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах нэмэлт зардлын эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын зарим ангилалд тусгагдсан урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж бууруулах, мөн он дамжин хэрэгжиж байгаа, 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой, 2019 оны төсвийн жилд хэрэгжилт, гүйцэтгэл удаашралтай байгаа төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг бууруулах, Сангийн сайдын багцад тусгагдсан эргэж төлөгдөх зээл болон гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг бууруулан гаргах нь зүйтэй гэж үзсэн болохыг Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан. 


    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хуулийн төслүүдийн талаар тус зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Тус санал, дүгнэлтийн эхэнд Монгол Улсын ядуурлын судалгааны дүнг дурдсан бөгөөд татварын оновчгүй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байгааг, ажилгүйдлийн түвшин 9.7 хувьд хүрснийг шүүмжилсэн. Түүнчлэн тооцоо судалгаагүй төсвийн орлого, төсвийн зарлагын хэт тэлэлт, төсвийн алдагдалын талаар санал, дүгнэлтэд дурдаж, тооцоогүй хөрөнгө оруулалтыг шүүмжилсэн. Засгийн газрын гадаад өрийн төлөлтийн талаар сануулж, тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод болгон олон нийтийн оролцоог ханган, эдийн засгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх шаардлагын талаар дурдаж байв. 

    Ингээд Төсвийн байнгын хорооноос бэлтгэн танилцуулсан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60,000.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98,700.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100,000.0 сая төгрөгөөр, 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд үргэлжлэн санхүүжих 35 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг саналын томьёоллын хавсралт 6-д тусгагдсанаар буюу 111,084.8 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,300.0 сая төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэр болох нийт 375,084.8 сая төгрөгөөр 2020 онд зарим хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаарх зардал нэмэгдүүлэх Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Ажлын хэсгээс гаргасан “Барилга, хот байгуулалтын сайдын багц дахь төслийн 2 дугаар хавсралтын ХI.1.31-д тусгагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2020 онд санхүүжих дүнг тус тус 6,455.5 сая төгрөгөөр бууруулж, уг эх үүсвэрээр урд онуудад хэрэгжиж эхэлсэн, 2021 оны төсөвт ачаалал үүсгэхгүй, саналын томьёоллын хавсралт 5-д тусгагдсан 22,027.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 6,455.5 сая төгрөгөөр санхүүжих, нийт 7 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож, хуулийн төслийн 2 дугаар хавсралтын Барилга, хот байгуулалтын сайдын багцад нэмж тусгах” гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн. Уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын бусад санал болон тус Байнгын хорооны дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв 

    Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд санал, дүгнэлтийг нь тус Байнгын хороо хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгасан гэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүдээс өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэх талаар санал, дүгнэлтдээ тусгаж ирүүлснийг хэлэлцэж, хуулийн төслүүдийг нэгтгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалган шийдвэрлэсэн байна. 


    Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар асуулт асууж Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгээс хариулт авав. Дараа нь найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүлэв. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. 

    Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, дараах санал, дүгнэлтийг гарган Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байгаагаа дурдав. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн 2 тусдаа сан болгон, өөрчлөн зохион байгуулахыг дэмжиж, энэ чиглэлээр холбогдох өөрчлөлтийг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулах асуудлыг Хөдөө аж ахуйг дэмжих сан хариуцан гүйцэтгэх тул эдгээр хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах саналыг танилцуулсан юм. Засгийн газрын тусгай санг шинээр байгуулахад тавигдах шаардлага, татан буулгах хууль зүйн үндэслэлийг нэмж тусгах шаардлагатай гэж үзсэн байна. 

    Сан байгуулах, татан буулгах хууль зүйн шалгуур, зорилго, үндэслэл журам ойлгомжгүйгээс түүнийг байгуулах, татан буулгахад байгууллага, албан тушаалтны субьектив хандлага нөлөөлдөг, цаг үеийн шинжтэй, тооцоо судалгаагүй ханддаг, энэ нь сангийн удирдлага, хяналт сул, хөрөнгийн үр өгөөж муу байхад нөлөөлж байна гэж үзжээ. Санг шинээр байгуулахад хэд хэдэн шаардлага тавигдах бөгөөд үүнд сангийн эх үүсвэр тодорхой байх, улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр бүрдүүлсэн байх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тухайн жиглийи төсөвт хөтөлбөр хэлбэрээр тусган хэрэгжүүлэх боломжгүй байх гэсэн нөхцөлийг тусгажээ. Мөн санг татан буулгахад хэд хэдэн үндэслэл бүрдсэн байхыг шаардах бөгөөд түүнд сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн, өөрчлөн зохион байгуулсан, үйл ажиллагаа нь үр ашиггүй болох нь тогтоогдсон, хууль тогтоомж зөрчсөн зэрэг тохиолдлуудыг заасан байна. 

    Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт хуваарилахаар заасан тул түүнд нийцүүлэн төслийн 7.2.2 дахь заалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн сангийн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор зээл олгох шалгуурыг нэмэгдүүлэн тогтоох саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн гэлээ.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үг хэллэг, хэл найруулгыг сайжруулах, нэр томьёог жигдлэх, бусад хуульд нийцүүлэх, хууль зүйн техникийг хангуулах чиглэлээр найруулгын зохих засвар өөрчлөлтийг тусгах саналыг хамтад нь оруулж байгааг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм. 


    Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул Төсвийн байнгын хорооноос нэгтгэн ирүүлсэн саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 5.3 дахь хэсэгт “5.3.5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; 5.3.1 Э.Хөдөө аж ахуйг дэмжих сан.” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарлалтыг өөрчлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 81.4 хувийн саналаар дэмжив. Мөн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэсэн 15 дугаар зүйлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйл болгон өөрчлөхийг, төслийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйлийн 16.1 хэсгийг “16.1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна.” хэмээн  өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Төсвийн байнгын хорооны хуралдаанаас бэлтгэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлсэн юм. Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ 

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төсөлд тусгагдсан эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 3,806.1 тэрбум төгрөг болгох, үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 9.4 хувь болгох саналыг Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав   

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр гишүүн танилцуулав. 

    Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

    Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан оногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзсэн. Энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь, хэмжээгээр, хэрхэн давхардуулахгүй оногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн зүйл, заалт хүчингүй болсон цаг хугацаанд үүсч бий болох асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамт боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулахгүйгээр нэг удаа төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гарч буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээ бууруулах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. 

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-очир, Б.Пүрэвдорж, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбат, Я.Содбаатар, С.Эрдэнэ нар асуулт асууж Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хариулт, тайлбар авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийн тодруулгад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүн хариулт өгсөн. Хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж байсан бөгөөд энэ саналын дагуу Улсын Их Хурлын дарга Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Ийнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл