Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.12) хуралдаан 14 цаг 14 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 23 саналын томьёлол бүрээр санал хураасан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 12 дахь заалтын 5 дахь хэсгийг “5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг хянаад үндэслэлгүй гэж үзвэл дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 5.1.гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг дахин шалгуулахаар буцаах; 5.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх; 5.3.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах." гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг 17/34.17 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Энэ зүйлд заасан түдгэлзүүлэх нөхцөл арилсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ." гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн төслийн 2 дугаар зүйлийн “, эс зөвшөөрвөл даалгаврыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт бичгээр саналаа 1 удаа гаргах;" гэснийг, “, даалгаврыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай дээд шатны прокурорт саналаа бичгээр нэг удаа гаргах" гэж, "хойш 3 хоногийн" гэснийг “хойш ажлын 3 өдрийн" гэж өөрчлөх, төслийн 2 дугаар зүйлийн “21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн" гэсний дараа ““хураан авсан" гэсний дараа ", битүүмжилсэн" гэж, “батална." гэсний дараа “Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ." гэж, “өмгөөлөгч" гэсний өмнө “хууль ёсны төлөөлөгч," гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжив.
Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг нэгтгэн өөрчлөн найруулж, 3 дугаар зүйлийн 4 дэх заалт болгохыг гишүүдийн олонх дэмжсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ тавин сая төгрөгөөс дээш хэмээн тодотгож үнийн дүнгээр ялгаварлах нь өрөөсгөл тул эргэн харах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Төслийн 2 дугаар зүйлийн “6 дугаар зүйлийн 6.4.5 дахь заалтын “баривчлах”шийтгэл оногдуулсан" гэсний дараа ", эсхүл гадаадын иргэнийг саатуулах тухай" гэж, гэснийг “6.4.6.гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр;’’ гэж өөрчлөн найруулж, нэгдүгээр зүйлийн 1 дэх заалт болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалтын 155.2 дахь хэсгийг “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 158.2-т заасны дагуу прокуророор хянуулсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэлсэн тул Байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулж, хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг маргааш үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.